Дөрөвхөн настай охиноо хамгаалах хэрэгсэлгүй морь унуулж уралдуулснаас гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, энэ даваа гарагт /2019.06.24/ Дундговь аймагт Халзангийн уулын тахилга болжээ. Уг уулын тахилгын морины уралдаанд даага унаж уралдсан дөрвөн настай охин мориноосоо унаж бэртэн аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Энэ талаар дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад оройн 23 цагт ирүүлсэн бөгөөд дуудлагын дагуу шалгахад Халзангийн уулын тахилгад морин уралдаанд оролцож байсан морь унаач дөрвөн настай Д охин уралдааны үеэр унаж дөрвөн шүдээ хугалж, нүүрэндээ хүнд гэмтэл авсан байжээ. Охин өөрийн эцэг эхийн уясан морины унаач болсон ба хамгаалах хэрэгсэл зүүгээгүйн зэрэгцээ морьд барианаас гарсны дараа нууцаар хойноос нь гаргасан байж болзошгүй аж.
Уг хэргийг Дундговь аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.