Энэ долоо хоногт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг нь дэмжсэн.
Хэлэлцэх эсэхийг шийдсэний маргааш нь буюу энэ сарын 19-ны өдрөөс УИХ-ын гишүүд томилолт аваад тойрогтоо ажиллахаар явав. Тэд энэ сарын 26-ны өдөр хүртэл тойрогтоо ажиллах юм. Энэ хугацаанд Үндсэн хууль сурталчилах цаашлаад хуулийн талаарх иргэдийн санаа бодлыг сонсоно. УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажиллах зардлыг төсвийн мөнгөнөөс гаргасан бөгөөд иргэдээс ирүүлсэн саналыг энэ сарын 26-нд нэгтгэж дуусган, 27-нд УИХ-д танилцуулах юм.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах шатанд мэдээлэл нь түгээмэл бус байсан цаашлаад урьдчилсан танилцуулга хийлгүйгээр гэнэт өргөн барьсан нь ард түмэнд энэ талын мэдээлэлтэй болоход саад болсон.
Тиймээс иргэдийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх мэдээлэл, мэдлэг дутмаг байгаа. Тухайлбал, АН-ын дарга С.Эрдэнийн Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзах уулзалтын үеэр нэгэн эмэгтэй “
Үндсэн хуулийг өөрчлөхдөө ард түмнээс санал авсан гэж ярьсан. Огт санал аваагүй хоёрхон хэсэг газарт л санал авсан. Бүх удирдлага нь Ардын намын хүмүүс байдаг болохоор өөрсдийнхөө хүмүүсээс санал авсан. Үндсэн хуульд өөрчлөлт ингэж оруулж болохгүй ээ” гэж хэлжээ. Энэ эмэгтэйн адил мэдээлэлгүй иргэд олон байгаа.
Ямартай ч эрх баригч МАН-ын 62 гишүүний гарын үсэгтэйгээр өргөн баригдсан Үндсэн хууль эхнээсээ АСУУДАЛ дагуулаад байна.
Тухайлбал, НЭГДҮГЭЭРТ, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Ардчилсан нам нөгөө талд эсэргүүцэж байгаа. Тэд “Хулгай, авлига, худал амлалт дээд зэргээр бүрдсэн энэ УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах байтугай санаачлах ч эрхгүй. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслөө татаж авахыг мэдэгдэж байна. Хэрвээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслөө татаж авахгүй бол тэмцлийн бүхий л хувилбараар эсэргүүцэх болно” гэж мэдэгдэж байна.
ХОЁРДУГААРТ, Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн барихдаа Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөөгүй. Өөртэй нь зөвшилцөөгүй, санал аваагүй байж Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн барьсанд Ерөнхийлөгч бухимдалтай байгаа гэх мэдээлэл бий.
Нөгөөтэйгүүр эрх баригчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэт яарч өргөн барьсан. Энэ нь Засгийн газрыг огцруулах асуудал Төрийн ордонд яригдаж эхэлсэнтэй давхцаж байгаа. Тухайлбал, Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөхөөс урьдаад У.Хүрэлсүх Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн барьж асуудлыг түр хойшлууллаа гэх хардлага байна.
Учир нь Үндсэн хуулийг хэлэлцэх шатанд өөр ямар ч асуудлыг хэлэлцдэггүй дэгтэй. Тэгэхээр дэгийн дагуу Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн бариад амжилт олохгүй,УИХ-аар хэлэлцэхгүй гэсэн үг.