Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлж Ардчилсан нам /АН/ Үндсэн дүрмээ өөрчилж, өнгөрөгч нэгдүгээр сарын 09 /2026.01.09/-ны өдөр Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн. Иймээс Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийн дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн Ардчилсан намын хорооны гишүүдийн шинэчилсэн бүртгэл AN.mn цахим хуудсаар явагдаж эхлээд байгаа аж.
-АН-ЫН ФРАКЦУУД АЙМАГ, ДҮҮРЭГТ ШТАБ БАЙГУУЛЖ ЭХЭЛЖЭЭ-
Ингээд тус шинэчилсэн бүртгэл энэ сар /2026.02/-д дуусах бөгөөд, үүний дараа аймаг, дүүргийн АН-ын хорооноос АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүдийг тодруулах аж. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар, “ирэх гуравдугаар сарын 16 /2026.03.16/-ны өдөр нэгэн зэрэг аймаг, дүүргийн АН-ын хороо хуралдаж тус бүрийн Үндсэн бодлогын хорооны гишүүдээ сонгоно” гэсэн мэдээллийг өгч байгаа юм.
Өмнө нь ҮБХ-ны гишүүдээ нийт гишүүдийн дунд санал хураалт явуулж сонгож байсан бол энэ жилээс эхлэн аймаг, дүүргийн АН-ын хорооны 100 гаруй гишүүдийн саналаар тодруулах ажээ. Харин АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн тоог УИХ-ын 126 гишүүний тоог аймаг, дүүргээс нь хамаарч гурваас дөрөвт үржүүлсэнтэй тэнцүү буюу 378-380 гаруй гишүүнтэй байхаар тогтоосон гэх мэдээлэл байгаа юм.
Тэгвэл гуравдугаар сарын 16-ны өдөр болох АН-ын Үндэсний бодлогын хорооны 378 гишүүнийг тодруулах дотоод сонгуулийг угтсан “хөдөлгөөн” тус нам дотор өрнөж эхэлжээ.
Тухайлбал, АН-ын фракцууд аймаг, дүүрэг бүрд “дотоод сонгуулийг штаб” байгуулж тус бүрдээ Үндэсний бодлогын хорооны гишүүнд хэн, хэнийг нэр дэвшүүлэхээ тодруулж, аль фракц Үндэсний бодлогын хороонд хэдэн хүнтэй болж “АН-ын бодлого тодорхойлох уу” гэсэн далд өрсөлдөөндөө оржээ. УИХ-ын 2024 оны сонгуулиар Улаанбаатар хотын есөн дүүргээс нийт 24 парламентын гишүүн сонгогдсон. Тодруулбал, Баянзүрх дүүргээс тав, Баянгол дүүргээс гурав, Сүхбаатар дүүргээс зургаа, Сонгинохайрхан дүүргээс тав, Хан-Уул дүүргээс гурав, Багануур, Багахангай, Налайх дүүргээс хоёр УИХ-ын гишүүн сонгогдсон. Энэ утгаараа АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн гуравны нэг буюу 90 гаруй гишүүн нь Улаанбаатарын есөн дүүргийн АН-ын хорооноос сонгогдох төлөвтэй байна.
-АН-ЫН БҮЛГИЙН ГИШҮҮД ДҮҮРЭГ ТУС БҮР ДЭЭР ОЧИЖ ЭЗЭН СУУЖЭЭ-
Тэгвэл нийслэлийн есөн дүүргийг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хувь, хувьдаа хариуцан “эзэн сууж” Үндэсний бодлогын хорооны гишүүдийн тоон дээр бусадтайгаа өрсөлдөж эхэлсэн байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн АН-ын хороог УИХ-ын гишүүн Х.Болормаа гартаа авч, өөрийн хүмүүсээс Үндсэн бодлогын хорооны гишүүдийг бүрдүүлнэ хэмээн ажиллаж эхэлсэн байна. Харин Сонгинохайрхан дүүргийн АН-ын хороо руу АН-ын дарга О.Цогтгэрэл болон УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа нар нөгөө талаас УИХ-ын гишүүн Х.Баттулгын МоАХ фракц ажиллаж, Үндэсний бодлогын хороонд хэн нь хүмүүсээ тодруулж чадах вэ гэсэн өрсөлдөөнд ороод байгаа ажээ.
Хан-Уул дүүрэгт УИХ-ын гишүүн Б.Түвшин хүч хаяж эхэлсэн бол нөгөө талд Хан-Уул дүүргийн АН-ын хорооны дарга н.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нар ажиллаж байгаа аж.
Баянзүрх дүүргийн тухайд УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн “Од” фракц түлхүү ажиллаж байгаа бол нөгөө талд НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт болон МоАХ фракц хамтдаа хүч түрж байгаа аж. Чингэлтэй дүүрэгт нэг талд нь УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, нөгөө талд нь УИХ-ын гишүүн “Бидон” хочит Д.Ганбат, улмаар Тагнуулын дарга асан Б.Хурц нар нэмэгдэн ширүүн өрсөлдөж байгаа аж. Харин 2024 оны УИХ-ын сонгуулиар 2-р тойрог /Говь-Алтай, Завхан, Ховд, Увс/-оос сонгогдсон Б.Пүрэвдорж, О.Амгаланбаатар нар “Эрдэнэ вангийн хошуу” гэдэг Баянгол дүүргийн АН-ын хороог тойгдож, тус намын хорооноос сонгогдох Үндэсний бодлогын хорооны гишүүдийг тодорхойлох болсон байна. Улмаар УИХ-ын гишүүн Г.Очирбат Сонгинохайрхан дүүргээ орхиж, Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллах болжээ.