Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг бүрэлгэсэн хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 20-ны өдөр болж, Малайз Улсын Засгийн газрыг хариуцлагаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан байдаг.
Хэргийн талаар эргэн сануулбал, Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөж, цогцсыг нь цэргийн зориулалттай тэсрэх бөмбөгөөр дэлбэлсэн гэх хэрэг Малайзад 2006 онд гарсан. Тус хэргийн захиалагчаар Малайзын Ерөнхий сайд асан Багиндаг буруутгасан бол Азила, Сирул гэх хүмүүст 2009 онд цаазаар авах ял оноосон байдаг. Харин өнгөрөгч 2022.12.16-ны өдөр Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн гэр бүлийн таван гишүүнд 1.5 сая сингапур доллар буюу 3,8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлөх Малайзын анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Тэгвэл Малайзын анхан шатны шүүхийн тус шийдвэрийг Багинда нар хүлээн зөвшөөрөхгүй хэмээн давж заалдах шатны шүүхэд өргөдөл гаргасан байдаг.
Ийнхүү хэргийн шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сард болсон бөгөөд Малайзын Засгийн газрыг хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж үзээд, Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа агсны гэр бүлд Засгийн газраас олгох нөхөн төлбөр болох 5 сая ринггитийн төлбөрийг 1.38 сая болгон бууруулах шийдвэр гаргасан. Түүнчлэн Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу Малайзын дээд шүүхэд хандахаар явж буйгаа мэдэгдэж, "Малайзын дээд шүүхэд давж заалдах материалаа өгөхөөр явах гэж байна. 14 хоногийн өмнө яваад ирсэн. Зүдрэлгүй үйлдэл гэж үгүй. Тэмцэлгүй үр дүн гэж байхгүй. Малайзын дээд шүүхэд давах баримтаа бүрдүүлж өгөхөөр явах гэж байна" гэсэн.
Харин “Straitstimes” хэвлэл Ш.Алтантуяа агсны гэр бүл Малайзын засгийн газарт 4.8 сая гаруй рингит (1.5 сая сингапур доллар)-ийг буцаан олгосон гэж мэдээлжээ.
Тодруулбал, 2006 оны шүүхийн шийдвэрээр Ш.Алтантуяа агсны гэр бүлд Малайзын Засгийн газраас нөхөн төлбөр олгосон. Харин Давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр Малайзын Засгийн газрыг хариуцлагаас чөлөөлсөн тул Ш.Алтантуяа агсны гэр бүл нөхөн төлбөрийг буцаан олгосон байна. Энэ талаар Ш.Алтантуяа агсны гэр бүлийг төлөөлж байсан өмгөөлөгч Сангит Каур Део, "Шах Аламын шүүхийн түдгэлзүүлэх тушаалын дагуу өмнө нь төлсөн бүх дүн, түүний дотор шүүхийн шийдвэрээр олгосон дүн болон хуримтлагдсан бүх хүүг Лхагва гарагт Малайзын засгийн газарт бүрэн шилжүүлсэн" гэж хоёрдугаар сарын 5-нд хийсэн мэдэгдэлдээ дурджээ. Мөн үргэлжлүүлэн "Ш.Алтантуяагийн аавын байнга хэлдэгчлэн энэ хэрэг хэзээ ч мөнгөний төлөө байгаагүй. Түүний хүсэж буй зүйл бол хариулт, хариуцлага, хэргээ хүлээн зөвшөөрөх юм. Төлсөн дүнг хүүгийн хамт шуурхай, бүрэн буцаан олгосон нь энэ байр суурийг хамгийн тодорхой илэрхийлж байна” гэжээ.
Эх сурвалж: Straitstimes