П.Сайнзориг болон Засгийн газрын гишүүдээс бусад нь худал мэдээлэл гэж “Нэг сав”-нд хийгээд шалгаж, яллаж байсан алдааг засах зориг гаргав

П.Сайнзориг болон Засгийн газрын гишүүдээс бусад нь худал мэдээлэл гэж “Нэг сав”-нд хийгээд шалгаж, яллаж байсан алдааг засах зориг гаргав

Энэ долоо хоногийн Мягмар гараг /2025.12.30/-т хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 10 дугаар дүгнэлтийг гишүүдийн олонх нь хүлээж авахыг дэмжсэнээр өмнөх парламентын алдааг засах зориг гаргаж, Монгол Улсын иргэдийн баталгаатай эдлэх үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалсан түүхэн шийдвэр, Монголын ардчиллын түүхэнд гэрэл асаалаа.

Учир нь “худал мэдээлэл” гэх бүдэг нэрийн дор бүгдийг “нэг сав”-нд хийж, шүүмжлэлийг гэмт хэрэг болгож, үг хэлэх эр зоригийг системтэйгээр мохоож байсан зарим дарга нарын бодлого нурсан юм. Одоо сэтгүүлчид иргэдийн мэдэх эрхийг хамгаалж, хүний нэр төр, алдар хүндийг хүндэтгэн, мэргэжлийн ёс зүйгээ тууштай баримтлах ёстой. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бол дураараа авирлах нүүр биш. Харин УИХ-ын 126 гишүүний хувьд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг хясан боож, үг хэлэх, хэвлэн нийтлэх зоригийг мохоож байсан Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг жинхэнэ утгаар нь засаж сайжруулах гэрийн даалгавартай үлдэж байна.

-БИЧСЭН СЭТГҮҮЛЧ БҮРИЙГ УИХ-ЫН ХОЁР ГИШҮҮН ЦАГДААД ӨГЧ БАЙЖЭЭ-

Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бол төрөөс өгдөг шагнал биш, харин төрийг хянах ард түмний зэвсэг. Иймээс олон улсад нийгмийн хэв журам, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх ноцтой үр дагаварт хүргэсэн, хүний нэр төр, алдар хүндэд бодит хор хохирол учруулсан худал мэдээлэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Харин үзэл бодол, дүгнэлт, шүүмжлэл, таамаглал бол худал мэдээлэл биш. Иймд улс төрчид шүүмжлэлд хамгийн сайн тэсвэртэй байх ёстой. Энэ бол ардчиллын стандарт гэдэг.

Гэтэл манай улсад энэ бүгдийг “нэг сав”-нд хийж “худал мэдээлэл” гэх бүдэгхэн, ерөнхий нэрийн дор бүгдийг нь цагдаагийн үүдэнд уяж, шүүхээр дэнсэлж байлаа.

Сүүлийн 5 жилийн хугацаанд “Худал мэдээлэл тараасан” гэсэн үндэслэлээр хуулийн байгууллагад шалгуулсан иргэдийн ихэнх нь сэтгүүлчид, гомдол гаргасан хүмүүсийн олонх нь дарга нар байсан талаар зарим эх сурвалжууд ярьдаг. Тухайлбал,  Мягмар гарагт болсон байнгын хороо, чуулганы хуралдааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, “нэр бүхий УИХ-ын хоёр  гишүүн бичсэн сэтгүүлч бүрийг цагдаад өгдөг байсан” гэж хэлсэн юм. Харин “хэн гэж хоёр гишүүн бэ” гэдгийг тэрбээр хэлээгүй юм. 

Тэгвэл хамгийн ноцтой нь, “Худал мэдээлэл” гэдэг нэрийн дор бүгдийг нь нэг саванд хийж цагдах, яллах 13.14 дэх заалтыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр нарын дэмжлэгээр 2020 оны нэгдүгээр сарын 10 /2020.01.10/-ны өдөр Эрүүгийн хуульд оруулж, хуульчилсан байдаг. Энэ талаар тухайн үеийн Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, “Гүтгэх асуудлаар сэтгүүлчид эрүүгийн гэмт хэрэгтэн болохыг МСНЭ дэмжсэн" гэдгийг тодотгож байсан.

-ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ, ХЭВЛЭН НИЙТЛЭХ ЭРХИЙГ ЗӨРЧСӨН ГЭЖ ЦЭЦ ДҮГНЭВ-

Харин Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд болсон дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн юм. Ингээд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн:

  • Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрх чөлөө, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалт,
  • Арван зургаадугаар зүйлийн 16 дахь заалтад туссан “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө”,
  • мөн зүйлийн 17 дахь заалтад заасан “төрийн тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрх”,
  • Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үндсэн хуульд хууль бүрнээ нийцсэн байх” шаардлагыг тус тус зөрчсөн байна гэж дүгнэсэн юм. 

Иймд уг хуулийн заалтыг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэж, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг гаргасан юм.

-П.САЙНЗОРИГ БОЛОН ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАРИМ ГИШҮҮД “ЭСРЭГ САНАЛ” ӨГЧЭЭ-

Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтийг хүлээж авах эсэх асуудал Мягмар гараг /2025.12.30/-т Хууль зүйн байнгын хорооны хурлаар орж ирсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг, “Цэцийн дүгнэлтийг хүлээж авахыг дэмжихгүй” гэдгээ илэрхийлж, байнгын хорооны хуралдааныг орхиж явсан. Мөн түүнтэй хамт өөр нэг гишүүн “дэмжихгүй” хэмээн хуралдааныг орхиж явсан гэдгийг хуралдаан дараглагч онцолж байв.  

ВИДЕО:  Хууль зүйн байнгын хорооны хуралдаан

Харин байнгын хорооны санал хураалтад 15 гишүүн оролцсоноос Х.Баасанжаргал, Ж.Баярмаа, У.Отгонбаяр, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, С.Эрдэнэболд нар Цэцийн дүгнэлтийг хүлээж авахыг дэмжсэн санал өгчээ. Харин хуралдаанд суугаагүй Н.Алтанхуяг, Э.Батшугар, Д.Ганбат, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан, П.Сайнзориг, Л.Соронзонболд, Да.Цогтбаатар нарын найман гишүүний санал эсрэг буюу “дэмжээгүй”-д тооцогдсон юм.

Ингэснээр байнгын хорооны “дэмжээгүй саналыг дэмжих” гэсэн томьёоллоор УИХ-ын чуулганд асуудлыг оруулж, Үндсэн хуулийн Цэцийн 10 дугаар дүгнэлтийг хүлээж авах нөхцөл бүрдсэн юм.

Учир нь чуулганы ирцэндээ бүртгүүлсэн ч санал хураалтад оролцоогүй гишүүдийн санал автоматаар эсрэг саналд тооцогддог. Үүний үр дүнд парламент дээр байнгын хорооны дэмжээгүй санал унаж, Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авсан юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга Н.Учрал болон А.Ариунзаяа, Л.Мөнхбаясгалан, А.Ганбаатар, Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал, Б.Жаргалан нарын гишүүд “дүгнэлтийг хүлээж авахын тулд кноп дарахгүй байх”-ыг ил тод уриалж байсан. 

УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон 81 гишүүний дунд явуулсан санал хураалтаар гишүүдийн 90 орчим хувь нь Үндсэн хуулийн Цэцийн 10 дугаар дүгнэлтийг хүлээж авахыг дэмжсэн байна. Харин 10-13 гишүүн эсрэг санал өгсөн бөгөөд тэдний дийлэнх нь Засгийн газрын гишүүд байлаа. Тодруулбал, Засгийн газрын гишүүн Т.Аубакир, Э.Батшугар, Г.Дамдинням, Ч.Ундрам, Б.Энхбаяр нар болон УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Х.Жангабыл, З.Мэндсайхан, Н.Наранбаатар, Л.Соронзонболд, С.Эрдэнэбат, Д.Рэгзэл нар Цэцийн дүгнэлтийг хүлээж авахын эсрэг санал өгсөн юм.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө