НИТХ-ын төлөөлөгчид “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн 40 га талбайд Үндэсний урлагийн их театр болон Төв цэнгэлдэх хүрээлэн барих шийдвэрийг 2025.10.16-нд гаргасан байдаг. Энэ ажлыг БНХАУ-ын буцалтгүй санхүүжилтээр хийнэ гэдгийг Нийслэлийн удирдлагууд тодотгож буй. Тэгвэл НИТХ-ын гаргасан уг шийдвэрийг эсэргүүцэж, нэр бүхий хуульчид шүүхэд хандаад байна.
ВИДЕО:
Тодруулбал, Хуульч, Өмгөөлөгч А.Базар, Б.Амгаланбаатар нар энэ сарын 16-нд НИТХ-ын тогтоолыг хүчингүй болгохоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Түүний шүүхэд гаргасан үндэслэл болоод уг шийдвэр ямар ямар хуулийг зөрчиж буй талаар Хуульч, Өмгөөлөгч А.Базартай цөөн хором ярилцлаа.
"ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТР БАРИХ ШИЙДВЭР ГАРГАХДАА БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙГЭЭГҮЙ"
-Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэзээ нэхэмжлэлээ өгсөн бэ. Одоо хуулийн хүрээнд ямар процесс үргэлжлэх талаар уншигчдад маань мэдээлэл өгөхгүй юу?
-Бид хоёрын хувьд 2025.10.16 буюу өнгөрсөн мягмар гарагт нэхэмжлэлээ шүүхэд өгсөн. Улмаар долоо хоногийн дотор шүүх нэхэмжлэлийг хүлээн авах ёстой. Ингээд захиргааны хэрэг үүсгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Хэрэв бидний нэхэмжлэлийг хүлээж авахгүй бол давж заалдах, гомдол гаргах эрх бий. Харин нэхэмжлэлийг хүлээн аваад хэрэг үүсгэвэл НИТХ-ын гаргасан тогтоол хуулийн хүрээнд байсан эсэхийг гэдгийг хэлэлцэх шүүх хурлын тов гарах ёстой юм. Сүүлд өмгөөллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдахдаа өмгөөлөгч нийтийн эрх ашгийн асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж хуульчилсан. Мөн Захиргааны шүүхэд нийтийн эрх ашгийг өмгөөлөн нэхэмжлэл гаргах боломжтой байдаг. Нийтийн эрх ашиг гэдэгт хүрээлэн буй орчин, нийтийн өмчийг хамгаалах асуудал зэрэг багтдаг. Тэгэхээр хүрээлэн буй орчин, нийтийн өмчийг хамгаалах чиглэлээр нэхэмжлэл гаргаж байна гэсэн үг.

"ТӨР УСНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ӨӨРЧИЛЖ, ТЕАТР БАРИХ ШИЙДВЭР ГАРГАСАН НЬ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ"
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Үндэсний урлагийн их театр” болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” барих шийдвэр нь ямар, ямар хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж байгаа вэ?
-Гаргасан нэхэмжлэлийг нийтдээ гурван бүлэгт хуваан авч үзэж болно. Нэгдүгээрт, Үндэсний урлагийн их театр болон Төв цэнгэлдэх хүрээлэн барих байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгээгүй. Шууд барилга барина гэдэг шийдвэр гаргасан нь хууль бус гэж үзээд маргаж байгаа юм. Газрын тухай хууль болон Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль зэрэг хуулиудад ямар нэг барилга, байгууламж барихаас өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэнэ гэж заасан байдаг шүү дээ. Энэ үнэлгээ маш чухал. Тус төсөл хөтөлбөр нь байгаль орчинд хортой юу, ямар хэмжээний нөлөөлөл үзүүлэх вэ, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдгийг дүгнэдэг. Энэ үнэлгээг хийгээгүй нь хууль зөрчсөн үйлдэл. Хоёрдугаарт, Усны тухай хуульд усны хамгаалалтын бүсэд барилга байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах зэргийг хориглодог. Гэтэл 2025.07.09-нд буюу наадмын өмнө энэ заалтыг өөрчилсөн байна. Тухайлбал, Усны тухай хуулийн 22.2.1-д онцгой хамгаалалтын бүсэд төрийн үйлчилгээний барилга байгууламж, авто зам, төмөр зам, дүүжин зам зэргийг барьж болно гэсэн нэмэлт өөрчлөлт оруулсан байна.
Өөрөөр хэлбэл, төр нь онцгой хамгаалалтын бүсэд барилга барьж болно. Харин иргэн, аж ахуйн нэгж бол болохгүй гэсэн агуулга гарч ирнэ. Тэгэхээр 2025.07.09-нд хуульд өөрчлөлт оруулснаас алдаа гарсан гэж үзэж байна. Энэ асуудал нь Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудал ч яригдаж болно.

Гуравдугаарт, Газрын тухай хууль тогтоомж зөрчигдсөн гэж үзэж байгаа. Учир нь уг театр барих гэж буй газар бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн харьяа. Гэтэл өөр байгууллагын эзэмшлийн газар дээр НИТХ энд барилга байгууламж барина гээд шууд шийдвэр гаргачихсан байна. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэл гаргасан байна.

"БАЙГАЛЬ ОРЧИНД ХОРТОЙ Ч "ТӨР" БОЛ ХИЙЖ БОЛНО ГЭДЭГ ҮЙЛДЭЛ НЬ ӨӨРӨӨ БУРУУ"
-НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон нийслэлийн удирдлагууд буцалтгүй тусламжаар хэрэгжих томоохон төсөл хөтөлбөр гэж тайлбарлаж, зүтгүүлж буй. Эдгээр тайлбаруудад та юу хэлэх вэ?
- Театр болон Төв цэнгэлдэх хүрээлэн барих шийдвэрийг огт эсэргүүцээгүй. Харин байршил нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байж болохгүй гэж үзэж байгаа. Хүрээлэн бол ундны усны нөөц бүхийтэй газар. Мөн Туул голын эрэг дагуух газар учраас усны хамгаалалтын бүсэд хамаарна шүү дээ. Гэтэл Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад энэ хортой гэгдэж байгаа зүйлийг төр хийж болно гэж байгаа нь буруу үйлдэл.
-Та өмнө нь нийтийн эрх ашгийн төлөө энэ төрлийн нэхэмжлэлийг гаргаж, шийдвэрлүүлж байсан уу?
- Тийм ээ. Нийтийн эрх ашгийн үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан шийдвэрлүүлсэн зэрэг тохиолдлууд бий. Энэ бол хуульч мэргэжлийн ёс зүйн үүрэг гэж боддог. Өөрийнхөө мэргэжил, мэдлэг, чадвараа ашиглан улсын хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой. Миний хувьд УИХ-аас баталсан зарим хууль, тогтоомж Үндсэн хууль зөрчиж байна гэж үзээд ҮХЦ-д хандан шийдвэрлүүлж байсан. Мөн “Оргил” худалдааны төвийн зогсоол нь явган хүний замгүй болгосон. Энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, явган хүний замтай болгосон байдаг.
-Ярилцсанд баярлалаа.