ШУУРХАЙ: "Оюутолгой"-н сонсголын үеэр хойшлуулшгүйгээр баривчилсан Э.Ганхүүг суллаад, хилийн хориг тавьжээ

ШУУРХАЙ: "Оюутолгой"-н сонсголын үеэр хойшлуулшгүйгээр баривчилсан Э.Ганхүүг суллаад, хилийн хориг тавьжээ

Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх хяналтын сонсголд гэрчээр дуудагдаад байсан "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг сонсголын үеэр АТГ-аас түүнийг хойшлуулашгүй ажиллагаагаар 48 цагийн хугацаагаар баривчлан, шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл түүнийг баривчилсан хугацаа дуусаж, сулласан байна. 

Тодруулбал, прокуророос Э.Ганхүүг хойшлуулшгүйгээр баривчилсан хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд санал хүргүүлж, улмаар тус шүүхээс Э.Ганхүүд Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Э.Ганхүүг "Эрдэнэс-Оюутолгой" компанийн ажлын байрыг худалдан авах гэрээг байгуулж, их хэмжээний төлбөр төлөхдөө албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр мөрдөн шалгаж байгаа аж. Тодотговол, "Эрдэнэс-Оюутолгой" компани нь "Би Эм Си Эм" ХХК-тай 2024 оны наймдугаар сарын 15-ны өдөр 8 тэрбум 247 сая төгрөгөөр "Барилга байгууламж худалдаж авах тухай" гэрээ байгуулсан бөгөөд үүнээс нэг сарын дараа буюу 2024 оны есдүгээр сарын 25-ны өдөр дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, үнийн дүнгийн 70 хувь болох 5 тэрбум 772 сая 9 мянган төгрөгийн урьдчилгааг гүйцэтгэгч компанийн дансанд шилжүүлсэн байна. Гэвч одоог хүртэл барилгыг хүлээн авч гэрээний үүргийг хангуулаагүй буюу төлбөрийнх нь дийлэнхийг төлсөн оффисоо худалдан аваагүй байгаа аж.

Тиймээс ч "Эрдэнэс-Оюутолгой" компани нь "Блью Скай" тауэрын 8 давхарыг түрээслэн үйл ажиллагаа явуулах болсон байна. Ингэхдээ 374.65 метр квадрат оффисын талбайг түрээслэсэн бөгөөд 2024 оны тавдугаар сард түрээсийн гэрээ байгуулахдаа нэг м.кв-ийн 1 сарын түрээсийн төлбөрийг ТӨБЗГ-ын 2024 оны 139 дүгээр тогтоолоор баталсан дүнгээс 38 мянган төгрөгөөр илүү байхаар тохиролцсоноос нийт 170.8 сая төгрөгийн илүү зардал гаргасан болох нь мэргэжлийн байгууллагын шалгалтаар илэрсэн байдаг. 

Ямартай ч "Оюутолгой"-н сонсголд гэрчээр оролцох учиртай байсан Э.Ганхүүг сонсголын өдрүүдэд баривчлан шалгаж эхэлсэн ч "Оюутолгой"-н сонсгол дууссан даруйд суллан, хилийн хориг тавьсан байна. Өдгөө мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.