"Үл хөдлөх хөрөнгийн хоёр хувийн татварын орлогоор 2024 онд 75 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Буцаалт нь 80 тэрбум болсон"

"Үл хөдлөх хөрөнгийн хоёр хувийн татварын орлогоор 2024 онд 75 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Буцаалт нь 80 тэрбум болсон"

Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2025.09.22/ хурлаар 100 мянган иргэн дэмжиж гарын үсэг зурсан Үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулахад авдаг хоёр хувийн татварыг хүчингүй болгох саналыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, "Үл хөдлөх хөрөнгийн хоёр хувийн татвар байхгүй болсноор төсөвт хэдий хэмжээний орлого байхгүй болох вэ. Үүн дээр хийсэн тооцоо байна уу. Хоёрдугаарт, орон нутаг дээр анхан шатны томоохон хэмжээний дэмжлэг олгодог гэж яриад байх шиг байна. Хэдэн төгрөгийн дэмжлэг олгодог вэ. Хэдэн төгрөг төвлөрүүлээд хэдэн төгрөгийн хуваарилалт хийж, ямар зардал гардаг юм бэ. Гуравдугаарт зарж байгаа дээр нь дэмжихгүй, худалдан авч байгаа дээр нь дэмжинэ гэж яриад байна. Тэр хүн байрыг худалдаж авахдаа та нартай яриагүй, өөрөө мөнгөөрөө авсан шүү дээ. Тэгээд тэр байраа амьдрал ахуйгаа сайжруулах гээд л худалдан борлуулаад явж байгаа. Тэндээс мөнгөн дүн хасагдаж байна гэдэг нь дараагийн худалдан авалт дээр хасагдаж орж ирнэ л гэсэн үг шүү дээ. Тийм биз дээ. Жишээлбэл би байраа зараад хоёр хувийн татвар яагаад төлөх ёстой юм бэ. Үүнийг л асуугаад байгаа юм" гэв. 

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөтийн газрын төсвийн орлогын хэлтсийн дарга х.Ичинноров, "Хувь хүн анх удаа орон сууц авсан тохиолдолд хувь хүний орлогын алба татварын тухай хуулийн 23.4-т заасны дагуу 6 сая хүртэлх буцаалт олгож байгаа. Үл хөдлөх хөрөнгийн хоёр хувийн татварын орлогоор 2024 онд 75 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Буцаалт нь 80 тэрбум байгаа. Жишээлбэл 200 сая төгрөгийн байр худалдаж авлаа гэхэд хувь хүний орлогын албан татварын буцаалт буюу зургаан сая төгрөгийн дэмжлэг авна. Магадгүй эзэмшээд хоёр жилийн дараа энэхүү байраа зарлаа гэхэд энэ хугацаанд 8 сая төгрөгийн татварын чөлөөлөлт эдэлнэ. Иймд энэ хугацаанд 14 сая төгрөгийн дэмжлэг авна гэсэн үг. Эргээд 200 сая төгрөгийн байраа зарахад хоёр хувийн татвар буюу дөрвөн сая төгрөгийг төлөхөөр байгаа" гэлээ.