АН-ын бүлгийн ээлжит хуралдаан болж, хоёр асуудлын талаар хэлэлцжээ.
Энэ талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, “Ирэх оны төсөв төрийн оролцоог бууруулсан, татварыг бууруулсан, хөрсөн дээрээ ойртсон гэж тайлбарлаж байгаа. Энэ асуудал дээр АН-ын бүлгээс ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Дүгнэлтээ хараахан танилцуулаагүй байна. Энэ асуудлыг ярихын тулд нэмж тодотгох шаардлагатай зүйлс байгаа. Төсөв 33 их наяд гэж байгаа мөртлөө төсвийн гадуур зарцуулагддаг зүйл заалтууд, мөнгөн дүнгүүд байдаг. Өөрөөр хэлбэл одоо яригдаж байгаа төсвөөс гадуур Монгол банкин дээр хэрэгжиж буй төсвүүдээр бараг долоон их наядын алдагдал учирчихсан байдаг. Ийм нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байна. Хоёрдугаарт, Монгол Улс өндөр татвартай улс биш гэж Засгийн газрын зүгээс тайлбарладаг. Татварыг бууруулах ёстой гэдэг асуудлыг бүлгийн гишүүд байнга илэрхийлж байна. Харин бүлгийн даргын асуудлыг өнөөдрийн хурлаар хэлэлцээгүй. Ойрын хугацаанд хэлэлцээд шийдвэрлэнэ” гэлээ.