Цагдаагийн байгууллагаас гадаад улсаас хууль бусаар нийлүүлэгдэж буй синтетик төрлийн бодисын урсгал, нийлүүлтийг таслан зогсоох чиглэлээр “Суваг-2” хэсэгчилсэн арга хэмжээг Тагнуулын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газартай хамтран зохион явуулж олон улсын шуудан илгээмж, карго үйлчилгээгээр ирүүлсэн иргэдийн ачаанд энэ оны 9 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд үзлэг, хяналт шалгалтыг зохион явуусан байна.
Шалгалтаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны ”Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтсан бодисыг Америкын Нэгдсэн Улаас карго үйлчилгээ ашиглан улсын хилээр нэвтрүүлсэн 4 холбогдогчтой 2 гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлж эд мөрийн баримтаар Дельта 9-THC бодисын агууламжтай 51.2 мл шингэн төрлийн бодисыг хураан авсан байна.
Мөн нэр бүхий иргэн нь энэ оны есдүгээр сарын 16-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 311 грамм бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалж байсныг эд мөрийн баримтаар хураан авсан нь хар тамхины хар зах зээл дээр худалдаалагдсан тохиолдолд 248,000,000 (хоёр зуун дөчин найман сая) төгрөгөөр худалдаалагдах, 1244 орчим хүний нэг удаа хэрэглэн мансууруулах бодисыг хураан авч хууль бус нийлүүлэлтийг таслан зогсоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг тул иргэд та бүхэн шунахайн зорилгоор мансууруулах бодисыг зарж борлуулах гэмт хэрэгт оролцохгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.