Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Мадрид хотод Монголын Элчин сайдын яамыг нээхээр тохирчээ.
Энэ талаар тэрбээр "Испанид хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Гадаад хэрэг, Европын Холбоо, хамтын ажиллагааны сайд Хосе Мануэль Албарэстай уулзаж, Монгол, Испанийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах талаар ярилцаж, хэлэлцээ хийлээ.
Хоёр улсын харилцааг эрчимтэй өргөжүүлэхэд дипломат төлөөлөгчийн газар чухал үүрэгтэй тул Монгол Улсаас Испанийн Хаант Улсад суух Элчин сайдын яамыг Мадрид хотноо ойрын хугацаанд нээхээр болов.
Хоёр улсын харилцааны эрх зүйн орчныг сайжруулах, агаарын харилцаа, жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, зорчих нөхцөлийг хөнгөвчлөхөд чиглэсэн хэлэлцээрүүдийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцсон юм. Мөн манай улсын хөгжлийн бодлого, олон улсын тавцанд дэвшүүлж буй санаачилгуудыг танилцуулж, Улаанбаатар хотноо болох “Дэлхийн эмэгтэй бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт” болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын бага хурлын хүрээнд Испани Улстай нягт хамтран ажиллахаар болов. Хоёр орны харилцааг улам бэхжүүлэх үүднээс дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг идэвхжүүлэх, улс төрийн зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн хоёр улсын дипломат сургууль хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан нь олон улсын харилцаа болон хэл судлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Түүнчлэн олон улсын болон бүс нутгийн хэмжээнд өрнөж буй асуудлуудын талаар санал солилцож, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх эрмэлзлээ дахин нотоллоо" гэжээ