Боловсролын зээлийн сангийн зээлээр суралцсан ч эргэн төлөөгүй иргэдийн мэдээллийг Монголбанкны "Зээлийн мэдээллийн сан"-д шилжүүлж эхэлсэн талаар тус сангаас өнгөрөгч гуравдугаар сард мэдээлсэн.
Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, “Монгол банкны дэргэдэх Зээлийн мэдээллийн албанд зээлээ төлөөгүй иргэдийн талаар мэдээлэл ирээгүй байна. Зээлийн мэдээллийн тухай хуулиар мэдээлэл нийлүүлэгчдийг тодорхой зааж өгсөн байдаг. Үүнд арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллагууд болон төрийн байгууллагууд ордог. Төрийн байгууллага дотроо Боловсролын зээлийн сан орж байгаа. Тэгэхээр Боловсролын зээлийн сан нь хуулийн дагуу Зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэгч гэсэн үг. Гэвч өнөөдрийн байдлаар Боловсролын зээлийн сангаас зээлээ төлөөгүй иргэдийн талаар мэдээлэл ирээгүй байна” гэсэн юм.
Эргэн сануулахад Боловсролын зээлийн мэдээллийн сангийн дарга О.Сийлэгмаа: “1998-2016 оны хооронд дотоод болон гадаадын их, дээд сургуульд суралцаж төгссөн 13 мянган иргэн 14.1 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлөөгүй байна” гэсэн юм.