Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар олон жил ажилласан Н.Эрдэнэхүүг өнгөрсөн тав дахь өдөр гэнэт ажлаас нь чөлөөлж, оронд нь М.Адилсайханыг томилсон. Тэрбээр энэ талаараа “Т.Мөнхсайханы хүссэн зүйлийг хийгээгүйн төлөө би ажлаа өглөө” гэсэн утгатай мэдэгдэл хийж байв. Иймд бид ХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүүг “ШУГАМ” нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарт урьж, болж өнгөрсөн процессын талаар болон Т.Мөнхсайхан сайдтай үүссэн асуудлын талаар ярилцлаа.
ВИДЕО:
-Баасан гарагт Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы тушаал гарч, таныг ХСҮТ-ийн ерөнхий захирлын албан тушаалаас чөлөөлчихлөө. Үүнээс өмнө та энэ албан тушаалаас чөлөөлөгдөх гэж байгаагаа мэдэж байсан уу?
-Мэдээгүй. Тушаал тавдугаар сарын 2-ны өдөр гарсан юм билээ. Тушаал гараад л шууд танилцуулсан. Уг нь Хөдөлмөрийн тухай хуулиар 45 хоногийн өмнө танилцуулж, хүлээлцэх хугацаа хүртэл өгдөг шүү дээ. Гэхдээ сайд ийм байр суурьтай байгаа учраас надад ямар ч асуудал байхгүй. Түүнийг талархалтайгаар хүлээж аваад л бүх ажлаа хүлээлгэн өгсөн.
-Ажлаас чөлөөлөхөд ямар нэгэн шалтгаан хэрэгтэй шүү дээ. Гэтэл баасан гарагийн орой таны хэлсэн үгэнд “би энэ ажлыг хийж байхдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй шүү” гэж хэлж байсан. Таныг үнэхээр ямар нэгэн үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн үү. Та юу гэж харж байгаа вэ?
-Тушаал нь түр үүрэг гүйцэтгэгч учраас чөлөөлөв гэсэн бичиг байсан. 2019 онд тухайн ажлыг авахад минийн хувьд түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байсан юм. Уг нь ХСҮТ-ийн захирлыг сонгон шалгаруулалтаар авах ёстой. Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн үед сонгон шалгаруулалтыг тодорхой эмнэлгүүдээр явуулсан ч бүгд явуулж чадаагүй.
Бусад үед томилогдсон захирлууд бүгд түр орлон гүйцэтгэгч. Ямар нэгэн сонгон шалгаруулалтаар тавигдаагүй гэсэн үг. Тэгэхээр тэр бол шалтаг төдий. Учир нь намайг хүртэл сонгон шалгаруулалтгүй хүнээр орлуулж байгаа.
Ямар нэгэн алдаа дутагдал гаргасан бол түүнийгээ хэлэх ёстой. Өнгөрсөн хугацаанд ямар нэгэн сахилгын шийтгэл огт яригдаагүй учраас ямар нэгэн асуудал байхгүй. Зөвхөн тодорхой санал нэгдсэн, нэгдээгүй асуудлууд гарч байсан. Түүнтэй холбоотойгоор намайг халсан юм болов уу гэж бодож байгаа. Түүнээс биш өмнөх долоо хоногт нь уулзаад зүгээр л байсан. Гэтэл өчнөөн сарын өмнө орлох хүнийг нь олчихсон, шийдчихсэн байсан бол ядаж нэг сарын өмнө “Ингэх гэж байна шүү” гээд мэдээлж, хүн ёсоор харилцсан бол их зүгээр байлаа. Өнгөрсөн хугацаанд би өөрөө алдаа гаргасан уу гэвэл гаргасан. Би П.Батчулуун эмчийн талаар нэлээд үг дуугарсан. Уг нь нэг их олон эмч дуугараагүй л дээ. Гэхдээ миний хувьд дуугарах ёстой гээд бодчисон юм. Эрүүл мэндийн яам тэр хүнийг хамгаалах талаар ямар нэгэн ажил хийгээгүй. Тийм байдал дахиж үүсэхгүйн тулд дүрэм, журмаа гаргах ёстой.
-П.Батчулуун эмчийн талаар үзэл бодлоо илэрхийлсний төлөө салбарын сайд чинь дарамталсан гэж хэлэх гээд байна уу?
-Миний хувьд арай тийм зүйл болоогүй ч гэсэн үр хүүхдийг нь сайд маань өрөөндөө дуудаад, “та нар энэ талаар ярих хэрэггүй шүү дээ” гэж хэлсэн байна лээ. П.Батчулуун эмч алдсан байж болно. Гэхдээ эрүүгийн хуулиар буруутан болгож болохгүй. Бусдыг алъя гэж алаагүй байхад эмч болгоныг барьж аваад шоронд хийгээд байх юм уу. Эмнэлэг гэдэг чинь огт өөр тогтолцоо. П.Батчулуун эмч өөрөө уучлалт гуйхгүй байгаа юм. Яагаад гэвэл уучлалт гуйвал буруутан болчихно гэж бодоод байна шүү дээ. “Би уучлалт гуйхгүй. Цагаадах л ёстой” гэж байгаа. Гэхдээ энэ асуудлыг Дээд шүүх хүлээгээд авчихсанд баярлаж байна.
-Таныг Төсвийн мөнгөөр бараа үйлчилгэ худалдан авахдаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулаагүй гэж мэдэгдсэн. Энэ үндэслэлтэй юу?
-Хүнийг хэвлэлээр ч юм уу янз бүрийн зүйлээр гүтгэх маш амархан болсон үе. Юмс нотлогдох ёстой. Яг ямар тендер дээр тийм асуудал гарсан талаар дэлгэрэнгүй тайлбайрлах ёстой. Харамсалтай нь тийм зүйл байгаагүй. Нэг удаа “30-35 хүний эм өгөх гэж байна. 500 сая төгрөгийн татвар төл” гэж хэлсэн. Тэгэхээр нь түүнийг нь нэлээн өндөр өртөг байна гэж хэлсэн. Мөн төсөвт огт заагаагүй 500 сая төгрөг гэнэт гараад ирсэн. Энэ чинь манай ажилчдын мөнгө. Тэгэхээр “сайд гарын үсэг зурчихсан зүйлийн татварыг би төлөөд сууж байвал хуулийн хувьд болохгүй нь ээ” гэж хэлсэн юм.
Тэр үед сайд “Болохгүй юм байна тэ” гэж л хэлсэн. Би ч сайн ойлгуулчихлаа гэж бодоод гараад явсан. Түүнээс долоо хоногийн дараа л намайг ажлаас чөлөөлөх тушаал гарсан.
Мөн Эрүүл мэндийн сайдын багцад Хөрөнгө оруулалтын 6.8 тэрбум төгрөг суулгасан юм. Төрийн худалдан авах ажиллагааны газар үүнийг зарцуулсан асуудлыг хариуцсан. Бид жагсаалтыг нь гаргаж өгсөн юм. Хамгийн гол нь хааш нь явуулахыг хэлээгүй болохоор Төрийн худалдан авах газарт хүргүүлчихсэн. Гэтэл тэр үед сайд “Та миний эрхэнд халдаад байгаа юм уу” гэж хэлж байсан. Яасан юм бол гээд асуухад тэр жагсаалтыг Эрүүл мэндийн сайдад хүргүүлээд, хянаад тэгээд цааш явуулах байсан юм байна лээ. Түүнээс биш тендер зохион байгуулаад, би батлаад, хууль зөрчөөд байсан асуудал огт байхгүй.
-Таныг томилогдохоос өмнө Ж.Чинбүрэн ХСҮТ-ийн захирлаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон тул таныг томилсон. Тухайн үед "Ж.Чинбүрэн нь Н.Эрдэнэхүү гэдэг найзыг аа томилчихлоо" гээд зарим хэвлэлүүд шүүмжилж байсан. Та ер нь тэр хүнтэй хэр ойр дотно вэ?
-Миний хувьд Д.Сарангэрэл сайдын тушаалаар томилогдсон. Ж.Чинбүрэн бид хоёр нэг курс. Оюутан цагаасаа нэгнээ сайн мэднэ, анд нөхөд гээд явахад ямар ч асуудалгүй. Намайг АШУҮИС-д процессороор ажиллаж байхад Эрүүл мэндийн яамнаас надад санал тавьсан юм. Надад Ж.Чинбүрэн гишүүний дэмжлэг, нөмөр нөөлөг байсан уу гэвэл байсан. М.Адилсайхан ч миний шавь. Бид бүгд нэгнээ танина. Би М.Адилсайханд энэ зүйлийг ингэж хийгээрэй гээд нэгнээ дэмжиж байгаа шиг Ж.Чинбүрэн ч надад захих зүйлсээ захиад л ажлаа хүлээлгэн өгч байсан. Хааны алба халаатай шүү дээ. Миний хувьд хүмүүс рүүгээ ханддаг, ажилчдынхаа төлөө үг дуугардаг байхыг хүсэж хичээж ажилласан. Гэхдээ хэн нэгэнд таалагдах гэж ажилласангүй. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарт шинэчлэлийн зүйлс хийх гэж хичээж ажиллалаа. Үүнийхээ үр дүнг өнгөрсөн хоёр хоногт л харав. Би чинь бас сэтгэлээр унана шүү дээ. Гэтэл ийм олон хүний хайр, дэмжлэг их урам зориг байдаг юм байна. Тэр хүмүүсийн итгэл, сэтгэлийг их сайн дааж явах ёстой юм байна.
-Та Ж.Чинбүрэн гишүүнтэй найз нөхөд шиг салбарын сайд Т.Мөнхсайхантай хэр холбоотой байсан бэ?
-Эрүүл мэндийн салбарт тэр чигтээ миний андууд, дүү нар, шавь нар бий. Т.Мөнхсайхан намайг багш байхад оюутан байсан. Сагс их сайн тоглодог байсан юм. Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн зөвлөх хийж байхад нь ч их сайн дэмждэг байлаа. Би бол улс төрөөс хол байхыг боддог хүн. Гайтай нэг зүйл нь зарчим гэж зүйлийг нэн тэргүүнд тавиад сурчихсан. Түүнийгээ зөрчиж чаддаггүй. Т.Мөнхсайханыг сайд болсноос нь хойш хамтарч сайхан л ажиллалаа. Олон ч үр дүн гарсан байна.