Малайз улсад сураггүй алга болоод байсан “Ice top” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг нас барсан байдалтай олсон талаар түүний дүү өчигдөр /2025.04.24/ цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн.
Үүнтэй холбоотойгоор Тайландын цагдаагийн байгууллагаас Монгол Улсын иргэн Б.Оргил-Эрдэнийг Малайзад нас барсан талаарх мэдээллийг манай улсад мэдэгдсэн гэх мэдээлэл цацагдаад байна. Тэгвэл уг асуудалд Гадаад харилцааны яамнаас хэрхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа албаны эх сурвалжаас тодруулахад "Малайз улсад Монгол Улсын Элчин сайдын яам, консулын газар байдаггүй. Тиймээс Тайландад суугаа Монголын Элчин сайдын яамнаас Б.Оргил-Эрдэнийн Малайз улсад нас барсан асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна. Үүний хүрээнд талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдож, тусламж, дэмжлэг үзүүлж байгаа. Одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй, нас барсан шалтгаан тодорхойгүй байна гэх мэдээллийг тус улсаас мэдэгдсэн. Малайзын хууль хяналтын байгууллагаас уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа" гэх мэдээллийг өглөө.