УИХ-ын гишүүн Х.Баттулгын охин Б.Намууны хамаарал бүхий компанид залилуулсан гэх иргэд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлд шаардлага хүргүүлж байгаа талаараа өнөөдөр /2025.04.21/мэдээлэл хийлээ.
Тэд "Хууль зүйн яаманд ажилладаг Ш.Энхжаргал гэж эмэгтэй хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай иргэдэд олгосон байранд оруулна гэж хэлээд иргэдээс мөнгө авч залилсан. Анх залилуулсан талаараа мэдээгүй. Харин нас барсан талаарх мэдээллийг нь сонсоод залилуулсан гэдгээ мэдсэн. Тэгээд хуулийн байгууллагад хандсан ч уг асуудлыг шалгах ажил удаашралтай, өмгөөлөгч олдохгүй байна. Үүнийг улс төрийн холбоотой байж магадгүй гээд хохирсон иргэд Хууль зүйн сайд О.Алтангэрэлд хандаж, шаардлага хүргүүлж байна. Мөн Засгийн газарт өргөдөл гаргана гэж бодож байгаа" гэлээ.
Мөн тухайн мэдээлэл хийсэн иргэд "Залилсан иргэд бидний эрүүл мэнд, амь насанд заналхийлж байгаа учир өөрсдийгөө хамгаалж, нүүрээ нууцалж байна" гэдгийг тодотгож байлаа.
Харин УИХ-ын гишүүн Х.Баттулгын охин Б.Намуун уг хэрэгт ямар холбоотой гэдгийг сэтгүүлч тодруулахад "Биднийг залилсан Хууль зүйн яамны мэргэжилтэн Ш.Энхжаргал нь мөнгөө Б.Намууны данс руу шилжүүлсэн гэдэг. Харин энэ талаарх мэдээлэл гарсны дараа тэрбээр өөрт нь Голомт банкны нэр дурдагдсан данс байхгүй талаар лавлагаа аваад олон нийтийн цахим сүлжээнд цацсан байсан. Үнэхээр тэр хүн хамааралгүй байсан бол тэгэхгүй гэж хардаж байгаа. Нөгөөтээгүүр, "Шинэ яармаг" хороолол нь Х.Баттулгынх учир бид ингэж хардахаас өөр аргагүй байна" гэв.