Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Үндэсний бөхийн Улсын начин Ө.Батзул агсны хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, улмаар шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Прокуророос тус хэрэгт Эрүүгийн хуулийн 27.10-3 дахь хэсэгт зааснаар /тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Отгонбатад холбогдох хэргийг шүүх хурлыг хэд хэдэн удаа товлосон ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон юм.
Тэгвэл тус хэргийг шүүх хурал өнөөдөр /2025.04.21/ Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон байна. Бид уг шүүх хурлын талаарх мэдээллийг эргэн хүргэх болно.