Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Киргиз улсаас баривчиллаа

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Киргиз улсаас баривчиллаа

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Б”-г Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад шилжүүлэн авах тусгай ажиллагааг Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид гүйцэтгэж, Монгол Улсад авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Уг этгээд нь 2023 онд эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан бөгөөд Интерполын шугамаар зохион байгуулсан тусгай ажиллагааны үр дүнд түүнийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Киргиз Улсын нутаг дэвсгэрт баривчлуулсан.

Монгол Улсад шилжүүлэн авчрах ажиллагааг Цагдаагийн Ерөнхий Газрын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Улсын Ерөнхий Прокурорын Газар, Хууль Зүй Дотоод Хэргийн Яам, Гадаад Харилцааны Яам, Киргиз, Казахстан Улсын Интерполтой хамтран зохион байгууллаа.

Цагдаагийн байгууллагаас гадаад улсад оргон зайлж олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоох, шилжүүлэх болон албадан авчрах ажиллагааг идэвхтэй үргэлжлүүлэн зохион байгуулж байгаа тул гадаад улсад оргон зайлсан, эрэн сурвалжлагдаж байгаа иргэд өөрсдийн сайн дураар Монгол Улсад ирж цагдаа, хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллахыг анхааруулж байна.