Э.Ариунболд, Б.Серик тэргүүтэй бөхчүүд барилдахаар мэдүүлгээ өгчээ

Э.Ариунболд, Б.Серик тэргүүтэй бөхчүүд барилдахаар мэдүүлгээ өгчээ

Монголын жүдо бөхийн холбооноос “Топ 6” тэмцээнийг цувралаар зохион байгуулж байна. Жүдо бөхийг олон нийтэд сурталчлах, ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэх зорилготой цуврал тэмцээн маргааш “М банк арена”-д болж, шилдэг жүдочид тодорно. Энэ удаагийн цуврал тэмцээнд оролцох жүдочид эхнээсээ мэдүүлгээ өгчээ.

Эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд улсын аваргаас медаль хүртсэн болон дотоодын чансааг тэргүүлэгч зургаан тамирчин халз барилддаг энэхүү тэмцээнд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Э.Ариунболд тэргүүтэй жүдочид барилдахаар болсон байна. Барилдаанд олон улсын хэмжээний мастер К.Ёолк, Г.Хэрлэн, Г.Сод-Эрдэнэ, Б.Эрдэнэбаяр, Н.Дагвасүрэн, Б.Серик /үндэсний бөх/, Э.Мөнхжаргал, Ө.Пэрэнлэйжамц, Ж.Анударь, Л.Сосорбарам, Б.Ганхайч тэргүүтэй шилдэг жүдочид оролцохоор болжээ. Түүнчлэн өсвөр, залуучуудын улсын аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон ДАШТ-ий медальт залуу тамирчид барилдаж, ур чадвараа харуулах юм. 

Сонирхолтой нь, “Топ 6” тэмцээнд БНСУ-ын алдарт бөх Ким Жае Бумаар ахлуулсан дунд болон хүнд жингийн жүдочид оролцохоор манай улсад өчигдөр ирлээ. Анх удаа цуврал тэмцээнд гадаадын тамирчид оролцохоор боллоо. Бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 81 кг-д Ан Жүн Сун, 90 кг-д Ким Жае Мин, -100 кг-д Чол До Хун, эмэгтэйчүүдийн 70 кг-д Ян Жи Юүн, -78 кг-д Ким А Хюүн, +78 кг-д Пак Сэт Биёол нар Монголын жүдочидтой тойргоор барилдахаар болсон байна.

Насанд хүрэгчдийн ангилалд болж буй тус тэмцээний гол зорилго нь дотоодын чансааны оноо олгох, жин тус бүрд шилдгүүдийг тодруулж, өрсөлдөөнийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа аж.