УИХ-ын гишүүн Э.Болормаа нь 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр "Ханбогд Эксплорэйшн" гэх Их Британи, Умард Ирладын Нэгдсэн Вант улсын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 30 сая төгрөгийн мөнгөн хандив авсан тул бүрэн эрхийн асуудал нь хөндөгдөж магадгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл Үндэсний аудитын газраас Э.Болормаагийн гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо, Татварын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг холбогдох эрх бүхий байгууллагуудад мэдээлж, зөрчлийн дүгнэлтийг илгээсэн гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. Тус газар нь нэр дэвшигч нарын санхүүгийн тайланг нээлттэйгээр мэдээлж, улмаар зөрчилтэй асуудлуудыг нь холбогдох эрх бүхий байгууллагууд руу шилжүүлэх арга хэмжээг авдаг байна. Тиймээс энэ дагуу УИХ-ын гишүүн Э.Болормаатай холбоотой зөрчлийн асуудлыг шилжүүлжээ. Харин дээрх байгууллагууд уг хэргийг хэрхэн шалгаж, шийдвэрлэж байгаа талаар бид эргэн мэдээлэх болно.