Прокурорын газраас иргэн А-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлжээ.
Шүүгдэгч А нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1/нэг/ жилийн хугацаагаар хасуулсан бөгөөд энэ хугацаа дуусаагүй байхад буюу 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн 1.79 хувийн согтолттойгоор Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт **-** улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан үедээ дахин үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгодог.
Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байна. Иймд шүүгдэгчид прокурорын сонсгосон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүний тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэжээ.