Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол Улсын Төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ.
ШУУД ҮЗЭХ:
Шинжлэх ухааны академийг монголчуудын эрдэм ухааныг эрхэмлэн дээдэлж ирсэн уламжлалыг орчин үеийн шинжлэх ухааны тогтолцоотой холбон хөгжүүлж, үндэсний эрдэм судлалын чадавхыг төлөвшүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлжээ. Түүнчлэн эх хэл, түүх, соёлын өвийг судлан шинжилж, олон улсад сурталчлан таниулсан болон улс орны хөгжил дэвшилд оруулсан түүхэн гавьяаг нь онцолсон байна.
Монгол Улсын Шинжлэх ухааны академи нь 1921 онд байгуулагдсан Судар бичгийн хүрээлэнгээс эхтэй. Тус хүрээлэн 1931 онд Шинжлэх ухааны хүрээлэн, 1957 онд Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн болж, 1961 онд БНМАУ-ын Шинжлэх ухааны академи болон өргөжсөн түүхтэй. Өдгөө ШУА-ийн харьяанд 16 эрдэм шинжилгээний хүрээлэн ажиллаж байгаа бөгөөд 50 гаруй шинжлэх ухааны доктор, 280 гаруй докторын зэрэгтэй эрдэмтэн, судлаач ажиллаж байна. Тэд олон улсын өндөр зэрэглэлийн эрдэм шинжилгээний сэтгүүлд 3,800 гаруй өгүүлэл хэвлүүлж, 90 гаруй мянган эшлэл аваад байгаа аж.