Төвөдийн бүс нутагт 7.0 магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ

Төвөдийн бүс нутагт 7.0 магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ

БНХАУ-ын Төвөдийн өөртөө засах орны хойд хэсэгт пүрэв гарагийн орой 7.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 16 хүн амиа алдан, 54 хүн гэмтэж бэртжээ. Газар хөдлөлтийн улмаас олон зуун байшин нурж, эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.

АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, газар хөдлөлт орон нутгийн цагаар аравдугаар сарын 22-ны 22:33 цагт болжээ. Голомт нь Төвөдийн хойд хэсгийн хүн ам сийрэг суурьшсан, өндөрлөг бүсэд, Нагчу хотоос зүүн хойш 191 км-ийн зайд, газрын гадаргаас 18 км-ийн гүнд байсан байна. Нагчу хотын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлснээр, газар хөдлөлтийн улмаас 339-өөс доошгүй байшин, малын 20 саравч нурсан байна. Аврах ажиллагаанд орон нутгийн 1,600 гаруй хүнийг дайчлан ажиллуулжээ.

БНХАУ-ын төрийн мэдээллийн агентлаг Синьхуагийн мэдээлснээр, бүс нутгийн зарим хэсэгт холбоо тасарчээ. Орон нутгийн төмөр замын байгууллагууд шуурхай арга хэмжээ авч, тухайн бүс нутгаар дамжин өнгөрөх галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон байна.  Түүнчлэн газар хөдлөлтийн улмаас хад чулуу нурж, улсын чанартай 317 дугаар авто замын нэг хэсгийг хаажээ. Замын нурангийг цэвэрлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд тухайн хэсгээр зөвхөн яаралтай тусламж, аврах ажиллагаа болон албан ёсны дэмжлэг үзүүлэх тээврийн хэрэгслийг нэвтрүүлж байгаа аж. Цаашид газар хөдлөлт болсон бүс нутагт ирэх гурван хоногт үе үе цас орох төлөвтэй байгааг Синьхуа агентлаг мэдээлжээ. Харин БНХАУ-ын үндэсний телевиз CCTV-ийн мэдээлснээр, энэ нь сүүлийн таван жилийн хугацаанд тус бүс нутагт болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт аж. 




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө