“Тендер олж өгсөнгүй” хэмээн бусдын амь насыг хөнөөсөн гэх СХД-ийн хорооны Засаг дарга асан Л.Дашцэнгэлд холбогдох хэргийг шалгаж дуусжээ

“Тендер олж өгсөнгүй” хэмээн бусдын амь насыг хөнөөсөн гэх СХД-ийн хорооны Засаг дарга асан Л.Дашцэнгэлд холбогдох хэргийг шалгаж дуусжээ

“24 сая төгрөг аваад тендер олж өгсөнгүй” гэх үндэслэлээр бусдын амь насыг хөнөөсөн байж болзошгүй гэх хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан билээ. 

Тодруулбал, “Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны Засаг даргаар ажиллаж байсан Л.Дашцэнгэл гэгч нь энэ оны дөрөвдүгээр сарын 28-29 /2026.04.28-29/-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол орчимд бусадтай маргалдаж, улмаар амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй гэх хэрэгт холбогдсон байдаг.

Энэ талаар тухайн үед цагдаагийн байгууллагаас "Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2026 оны  дөрөвдүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00:05 цагийн орчимд "Сонгинохайрхан дүүргийн 29-р хорооны нутаг дэвсгэр болох “Москва хорооллын орчимд иргэд хоорондоо зодолдож байна“ гэсэн мэдээлэл бүртгэгдсэн. Энэ дагуу Цагдаагийн алба хаагчид очиход нэг иргэн амиа алдсан байсан.

Шалгалтын явцад 39 настай Д нь амь хохирогчийг “Гэрээний ажил олж өгнө” гэсэн нэршлээр өгсөн 24 сая төгрөгтөө ажил олж өгсөнгүй, мөнгөө буцааж өгсөнгүй гэх шалтгаанаар толгой, гэдсэн тус газар нь цохисны улмаас амиа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Цагдаагийн байгууллагаас хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, амь хохирогчийн нас барсан шалтгааныг нарийвчлан тогтооно" гэх мэдээллийг өгч байсан юм. Харин албан бус эх сурвалжууд "Амь хохирогч болон сэжигтэн этгээдүүдийн хооронд маргаан үүсэж, улмаар сэжигтэн этгээд амь хохирогчийг цохиход амь хохирогч нь газар унахдаа толгой хэсгээрээ унаж, амь насаа алдсан байж болзошгүй" хэмээж байв. 

Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны Засаг даргаар ажиллаж байсан Л.Дашцэнгэлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн хуулийн заалттай зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Тухайн этгээд нь өдгөө цагдан хоригдож буй аж. 

Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө