Ашигт малтмал хууль бусаар хайх, ашиглах, олборлох, татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэгт холбогдуулан цагдан хоригдож буй В.Ганзоригийг үргэлжлүүлэн цагдан хорихоор болжээ.
Тодруулбал, прокуророос В.Ганзоригт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах санал гаргасан байна. Анхан шатны шүүх уг саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн боловч Ерөнхий шүүгч шүүгчийн захирамжийг хянажээ. Ингэхдээ прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид ямар нотлох баримтыг үндэслэсэн, ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасныг хуульд нийцүүлэн тайлбарлаагүй гэж үзсэн байна. Улмаар шүүгчийн захирамжийг өөрчилж, В.Ганзоригт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж шийдвэрлэжээ.
В.Ганзориг нь Булган аймгийн Бүрэгхангай суманд байрлах алтны уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал болон хууль бусаар ашигт малтмал олборлосон, татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэгт шалгагдаж байгаа юм. Түүнийг өмнө нь оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах зэрэг үндэслэлээр цагдан хорьсон байна. Мөн В.Ганзоригийн эзэмшиж байсан “Глиймстар” ХХК-ийн хувьцаа наймдугаар сарын 17-нд өөр хүнд шилжсэн талаарх улсын бүртгэлийн мэдээллийг бид өмнө нь мэдээлж байсан билээ.