900 сая төгрөг, 30 саяын үнэт эдлэл залилсан гадаадын хоёр иргэнийг онгоцны буудлаас баривчилжээ

900 сая төгрөг, 30 саяын үнэт эдлэл залилсан гадаадын хоёр иргэнийг онгоцны буудлаас баривчилжээ

Залилах гэмт хэргийн хохирогчдын дийлэнх нь амар хялбар аргаар мөнгө олох, богино хугацаанд хөрөнгөө өсгөх гэсэн хүсэл, сэдлээсээ үүдэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болдог байна.

Тухайлбал, 2026 оны наймдугаар сарын 15-ны өдөр аяллын зорилгоор Монгол Улсад ирсэн гадаад улсын хоёр иргэн Монгол Улсын иргэнд хуурамч ам.доллар үйлдэж, мөнгө өсгөж ашиг олох санал тавьжээ. Тухайн иргэн уг үйлдлийг хууль бус болохыг мэдэж байсан хэдий ч саналыг хүлээн авсан бөгөөд улмаар гадаадын иргэд зохиомол нөхцөл байдал үүсгэн түүнийг залилсан байна.

Ингэхдээ хохирогчоос 250 мянган ам.доллар буюу ойролцоогоор 900 сая төгрөг, мөн 30 орчим сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл авчээ.

Улмаар дээрх хоёр иргэн Монгол Улсын хилээр гарахыг завдсан боловч Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид тэднийг “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас дайчлан баривчилж, саатуулан шалгаж байгаа аж. Цагдаагийн байгууллагаас иргэдийг богино хугацаанд өндөр ашиг олох, мөнгө хурдан өсгөж өгөх зэрэг саналд болгоомжтой хандаж, хууль бус үйлдэлд холбогдохгүй байхыг анхаарууллаа.




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө