Л.Энхрий: Өвөөг маань хүмүүс таньдаг болоод рекламд тоглуулаасай гэдэг мөрөөдлөө биелүүлэхийн тулд анх түүнийг бичлэгтээ оруулж эхэлсэн

Л.Энхрий: Өвөөг маань хүмүүс таньдаг болоод рекламд тоглуулаасай гэдэг мөрөөдлөө биелүүлэхийн тулд анх түүнийг бичлэгтээ оруулж эхэлсэн

Сошиал орчинд өвөөтэйгөө хамт хийсэн хөгжилтэй, энгийн бичлэгүүдээрээ олны танил болсон Энхрий Увс аймгийн Тэс сумын уугуул. Түүний төрөлх нутгийн аялга, өвөөтэйгөө харилцдаг энгийн, дотно харилцаа нь үзэгчдийн анхаарлыг татаж, өдгөө олон хүн тэдний бичлэгийг хүлээдэг болжээ. Tиймээс энэ удаагийн “Social ID” буландаа сэргэлэн хөөрхөн Энхрийг онцолж байна.

ВИДЕО:

-ӨВӨӨ НАМАЙГ ЮУ Ч ХИЙСЭН ДЭМЖДЭГ БОЛОХООР АНХ БИЧЛЭГ ХИЙЖ ЭХЛЭХЭД НЭГ ИХ ЗҮЙЛ БОДОЛГҮЙ “ЭНХРИЙ ХИЙМЭЭР БАЙГАА ЗҮЙЛЭЭ ХИЙ” ГЭЖ ХЭЛЖ БАЙСАН-

-Юуны өмнө өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Сайна байцгаана уу? Намайг Л.Энхрий гэдэг. Би Увс аймгийн Тэс сумын уугуул. Манай нутаг баруун аймаг учраас би багаасаа л нутгийнхаа аялгаар ярьж өссөн. Тиймээс одоо ч гэсэн төрөлх аялгаараа ярьдаг. Анх сошиалд бичлэг хийж эхлэхэд хүмүүс тэр аялгыг маань их анзаардаг байсан. “аялгатай ярьдаг юм байна”, “хазгай хэлтэй юм” гэх мэтээр сэтгэгдэл бичих хүмүүс ч байсан. Мэдээж эхэндээ тийм зүйл уншихаар жаахан эмзэглэнэ. Өөрийнхөө ярьж байгаа байдлыг хүртэл буруу юм шиг бодох үе байсан. Гэхдээ би эцэст нь энэ бол миний төрөлх аялга, миний өсөж төрсөн нутагийн өв соёл гэдгийг ойлгосон. Тэгээд өөрийгөө өөрчлөх гэж хичээхээс илүү өөрийнхөөрөө байхыг сонгосон. Харин одоо хүмүүс тэр аялгыг маань өхөөрддөг болжээ.

-Таны бичлэгүүдийн хамгийн их анхаарал татдаг зүйл бол өвөөтэйгөө хамт хийдэг контент. Өвөөгөө анх бичлэгтээ оруулах болсон шалтгаан юу байсан бэ?

-Өвөө маань миний амьдралд маш чухал хүн. Намайг юу хийсэн ч дэмждэг. Би ямар нэгэн зүйл хийхээр шийдсэн үед “Энхрий, хиймээр байгаа зүйлээ хий” гэж үргэлж дэмждэг байсан. Би өөрөө сошиалд бичлэг хийж эхлэхдээ ч гэсэн өвөөгөөсөө их урам авсан. Тэгээд нэг өдөр өвөөгөө бичлэгтээ оруулж үзье гэж бодсон. Анх оруулахдаа одооных шиг олон хүн үзэж, ингэж хайрлана гэж огт төсөөлөөгүй. Харин нэг л зүйл хүссэн. Өвөөгөө хүмүүсийн сэтгэлд хоногшуулж үлдээхийг хүссэн. Өвөө маань нас ахиж байгаа хүн. Тийм болохоор хамтдаа өнгөрүүлж байгаа энэ цаг хугацаа, бидний өдөр тутмын энгийн харилцаа хожим надад маш том дурсамж болно гэж боддог байсан. Тэр дурсамжаа бичлэгээр хадгалж үлдэхийн зэрэгцээ хүмүүс ч гэсэн өвөөг маань таньдаг болоосой гэж хүссэн.

-Өвөө тань таны бичлэгт оролцохдоо хэр хүлээж авдаг байсан бэ?

-Маш энгийнээр хүлээж авсан. Өвөө намайг юу ч хийсэн дэмждэг болохоор “ингэж бичлэг хийж болох уу” гэхэд нэг их зүйл бодолгүй “Энхрий хиймээр байгаа зүйлээ хий” гэж хэлсэн. Тэр үг надад их урам өгсөн. Өвөө маань намайг шүүмжлэхээс илүү хийж байгаа зүйлд минь итгэж, дэмждэг хүн. Тийм болохоор бидний бичлэгүүд ч гэсэн зориуд жүжиглэсэн, зохиосон зүйл байдаггүй. Өвөө бид хоёр бодит амьдрал дээр ямар байдаг, тэр л байдлаараа бичлэг хийдэг.

-Харин гэр бүлийнхэн нь анх хэрхэн хүлээж авсан бэ?

-Эхэндээ хүн бүр адилхан хүлээж аваагүй. Ялангуяа өвөөгийн дүү нар маань намайг их шүүмжилдэг байсан. “Хөгшин настай хүнээр тоглолоо”, “манай өвөөг том зээдээ чадуулчихлаа” гэх мэтээр хэлдэг байсан. Тэдний хувьд өвөө маань ахмад хүн учраас түүнийг бичлэгт оруулж, олон нийтэд үзүүлж байгаа нь нэг талаар буруу санагдсан байх. Гэхдээ миний зүгээс өвөөгөөрөө тоглосон зүйл огт байхгүй. Харин ч эсрэгээрээ өвөөгийнхөө байгаа төрхийг, бидний харилцааг л харуулахыг хүссэн. Цаг хугацаа өнгөрөх тусам тэд ч гэсэн үүнийг ойлгож эхэлсэн. Одоо харин бүгд дэмждэг болсон. Бичлэгүүдийг маань үзэж, хүмүүс өвөөг маань хайрлаж, сайхан сэтгэгдэл бичиж байгааг хараад гэр бүлийнхэн маань ч баярладаг.

-МИНИЙ АЯЛГА БОЛ МИНИЙ НУТАГ, МИНИЙ ӨССӨН ОРЧИН, МИНИЙ АМЬДРАЛЫН НЭГ ХЭСЭГ-

-Анх таны аялгыг шүүмжилж байсан хүмүүс одоо өхөөрддөг болсон гэж байна шүү дээ. Энэ талаар та юу гэж боддог вэ?

– Хүн өөрийнхөө онцлогоос ичих шаардлагагүй юм байна гэдгийг ойлгосон. Миний аялга бол миний нутаг, миний өссөн орчин, миний амьдралын нэг хэсэг. Анх хүмүүсийн шүүмжлэлийг дагаад өөрийгөө өөрчлөх хэрэгтэй юм болов уу гэж боддог байсан ч одоо харин эсрэгээрээ өөрийнхөөрөө байгаадаа баярладаг. Хүмүүс ч гэсэн эхэндээ шүүмжилж байсан зүйлээ одоо өхөөрдөж хүлээж авч байна. Тэр нь надад маш их урам өгдөг.

-Та анх “өвөөгөө хүмүүсийн сэтгэлд хоногшуулах” хүсэлтэй байсан гэж хэллээ. Өнөөдөр тэр хүсэл тань биелсэн гэж боддог уу?

-Тийм ээ, тодорхой хэмжээнд биелсэн гэж боддог. Анх би “өвөөгөө хүмүүсийн сэтгэгдэлд хоногшиж үлдээсэй” гэж мөрөөдөж байсан бол одоо хүмүүс өвөөг маань таньдаг, бичлэг гарахаар үздэг, сэтгэгдэл үлдээдэг болсон байна. Тэр болгонд би их баярладаг. Өвөө маань өөрөө ч хүмүүсийн хайр, хүндлэлийг мэдэрдэг болсон. Нөгөө талаасаа энэ бичлэгүүд ирээдүйд миний хувьд маш том дурсамж болно. Өвөө бид хоёрын хамт байсан мөчүүдийг би хадгалж үлдэж байгаа гэсэн үг.

-Эцэст нь таныг үзэж, дэмждэг бүх хүмүүстээ хандаж юу хэлэх вэ?

-Намайг анхнаас нь үзэж, дэмжиж ирсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Анх намайг аялгаар ярьдаг гэж шүүмжилж байсан хүмүүс өнөөдөр тэр аялгыг маань өхөөрдөж, өвөө бид хоёрыг дэмжиж байгаад би үнэхээр их баярладаг. Миний хийж байгаа зүйлд цаг гаргаж, бичлэгүүдийг маань үзэж, сэтгэгдэл үлдээж, урам өгдөг хүн бүрийн дэмжлэг надад маш их хүч өгдөг. Цаашдаа илүү их хичээнэ. Өөрийнхөөрөө байж, өвөөтэйгөө хамт олон сайхан дурсамж бүтээж, түүнийгээ та бүхэнтэйгээ хуваалцсаар байх болно.

Ярилцсанд баярлалаа.




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө