Нийслэлийн прокурорын газраас 15.8 грамм метамфетамин буюу “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Ц.Б нь 2025 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр метамфетамины агууламжтай, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, 15.8 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр улсын хилээр нэвтрүүлсэн гэх хэрэгт холбогджээ. Прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт буюу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Улмаар хэргийг Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Мөн дээрх хугацаанд Нийслэлийн прокурорын газраас сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой өөр хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн байна. Тухайлбал, Б.Б, А.О, Б.Ц, М., М.О нар нь 2024 оны нэгдүгээр сараас 2025 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд метамфетамины агууламжтай “мөс” гэх бодисыг худалдаалах зорилгоор олж авч, хадгалан, бусдад олон удаа худалдан борлуулж, их хэмжээний ашиг олсон, улмаар мөнгө угаасан хэрэгт холбогджээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Мөн Б.Г нь 2024 оны есдүгээр сарын 20-ны өдөр тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй ургамлыг хууль бусаар түүж бэлтгэн, улмаар гэртээ 286.3 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан хэрэгт холбогджээ. Түүнд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.