Т.Доржхандын “тог тасрахгүй” гэсэн амлалтын хугацаа ойртсон ч энэ өвөл 150 МВт-ын дутагдал хүлээж байна

Т.Доржхандын “тог тасрахгүй” гэсэн амлалтын хугацаа ойртсон ч энэ өвөл 150 МВт-ын дутагдал хүлээж байна

Цаг буцаж, цан хүүрэг наашиллаа. Жил жилийн өвлийг бид идэш хоол, түлээ түлшний “хэрүүл”- тэй угтадг бол энэ жилээс  “тог тасрах вий” гэх айдас нэмэгдэж байна. 

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ жил бүр 8-11 хувиар нэмэгдэж, хэрэглээний өсөлт шинээр нэмэгдэж буй эх үүсвэрийн хүчин чадлаас давж байгаа. Тиймээс эрчим хүчний салбарынхан энэ өвлийн оргил ачааллыг хэрхэн давах вэ гэдэгт анхаарлаа хандуулж байна. Гэвч энэ бол өнөөдөр гэнэт үүссэн асуудал биш юм. 

- "ХОЁР ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА ТОГ ТАСАРНА ГЭДЭГ АСУУДАЛ БАЙХГҮЙ БОЛНО" - 

Монгол Улс 2024 оноос эрчим хүчний салбартаа реформ хийхээ зарлаж, энэ хүрээнд Эрчим хүчний үндэсний хороог байгуулан ажиллуулсан бөгөөд тус хороог Шадар сайд Т.Доржханд ахалж байв. 

Реформын хүрээнд цахилгааны тарифыг шинэчилж, 2024 оны арваннэгдүгээр сарын 15-наас дундаж тарифыг 216 төгрөгөөс 280 төгрөг буюу 29.6 хувиар нэмэгдүүлсэн. Өрхийн цахилгааны тарифыг хэрэглээнээс хамаарсан шаталсан хэлбэрт шилжүүлж, 30-85 хувиар шинэчилсэн байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний 300 МВт-ын хүчин чадлыг ашиглалтад оруулж, цаашид нийт 600 МВт-д хүргэхээр ажилласан. 50 МВт-ын цэнэг хураагуурын төсөл, 660 МВт-ын Баян сумын цахилгаан станцын төсөл зэрэг шинэ эх үүсвэрүүдийг дэмжиж, ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлсэн.

Тэгвэл 2024 онд Шадар сайд Т.Доржханд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хоёроос гурван жилийн дараа Монгол Улсад тог тасарна гэдэг асуудал байхгүй болно. Энийг би хариуцлагатайгаар хэлье. Хоёр, гурван жилийн дараа хэрвээ эрчим хүчээр өөрийгөө хангаж чаддаггүй, эрчим хүчний экспортыг эхлүүлж чадаагүй байх юм бол би хариуцлагаа хүлээгээд Монголын улс төрөөс өөрөө явахад бэлэн байна” хэмээн мэдэгдэж байв.

- ЭНЭ ӨВӨЛ 150 МВТ-ЫН ДУТАГДАЛ ХҮЛЭЭЖ БАЙНА- 

Гэтэл түүний эрчим хүн экспортлох хэмжээнд хүрсэн байх ёстой Монгол Улсын иргэд нь өнгөрсөн өвөл "дэнгийн гэрэлд" оройг өнгөрүүлж байлаа. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сард нэгдсэн сүлжээнд аваарын горим үүсэхээс сэргийлж хэрэглэгчдийн цахилгааныг хуваарийн дагуу хязгаарлаж байв. Энэхүү хязгаарлалт бүр хэвийн юм шиг болж бүтэн хавар, зуныг дамжин үргэлжлээд одоо, намар дараа нь өвөлтэй золгож байна. 

Энэ өвөл нөхцөл байдал мөн л амаргүй.  Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн 2026 оны тавдугаар сарын 5-нд мэдээлснээр ирэх өвлийн оргил ачааллын үеэр 150 МВт-ын чадлын дутагдал үүсэх тооцоотой байгаа.  Мөн тэрбээр 2026-2027 оны өвлийг эрчим хүчний салбарын хувьд хамгийн хүнд өвөл болохыг анхааруулсан. Энэ өвлийн оргил ачаалал 1956 МВт хүрэх тооцоо гарсан бөгөөд цахилгааны хэрэглээ жил бүр 160-190 МВт буюу 8-11 хувиар нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, хэрэглээ өсөх хурд нь шинэ эх үүсвэр нэмэгдэх хурднаас давж байгаа юм.

Өнгөрсөн өвлийн оргил ачааллын үеэр 21 МВт-ын хязгаарлалт хийсэн бол энэ өвөл үүсэх боломжтой чадлын дутагдал үүнээс хэд дахин их буюу 150 МВт байна.

Энэ өвлийн ачааллыг бууруулах зорилгоор БНХАУ-аас 220 кВ-ын шугамаар цахилгаан нийлүүлэхээр ажиллаж, таван аймагт нийт 220 МВт-ын нарны станц, 135 МВт/440 МВт.ц батарей хуримтлуурын эх үүсвэр барьж байна. Гэвч эдгээр ажлын дийлэнх нь өнөөдрийн эрчим хүчний дутагдлыг бүрэн арилгах хэмжээний шинэ суурь эх үүсвэр болж амжаагүй байна.

Энэ мэтчилэн олон ажил эхлүүлсэн ч дуусгаж амжаагүй Т.Доржхандын “хоёр, гурван жилийн дараа тог тасарна гэдэг асуудал байхгүй болно” гэсэн амлалтын хугацаа аль хэдийн өнгөрөөд байна. Гэвч Монгол Улс өнөөдөр эрчим хүч экспортлох нь бүү хэл, цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ бүрэн дотоодын эх үүсвэрээр хангаж чадаагүй хэвээр. Цаашлаад энэ өвөл 150 МВт-ын чадлын дутагдал үүсэх эрсдэлтэй байна. Харин хоёр, гурван жилийн дараа ийм нөхцөл хэвээр байвал улс төрөөс явна гэж мэдэгдэж байсан Т.Доржханд өнөөдөр УИХ-ын гишүүн, Шадар сайд, ХҮН намын даргын албан тушаалаа хашсаар байгаа нь гайхмаар.