В.Ганзоригийг оргон зайлах, хэргийн нотлох баримтыг устгах, өөрчлөх зэрэг үндэслэлээр цагдан хорьсон бол тэрбээр компаниа өөр хүний нэр дээр шилжүүлжээ

В.Ганзоригийг оргон зайлах, хэргийн нотлох баримтыг устгах, өөрчлөх зэрэг үндэслэлээр цагдан хорьсон бол тэрбээр компаниа өөр хүний нэр дээр шилжүүлжээ

“Глиймстар” ХХК-ийн захирал В.Ганзориг нь Булган аймгийн Бүрэгхангай суманд байрлах алтны уурхайн лицензээ “5 сая доллароор зарсан атлаа 5 мянган төгрөгөөр буцаан авч, залилсан” зэрэг хэргээр шалгагдаж буй бөгөөд хуулийн байгууллага, улстөрчид рүү дайрч эхэлсэн талаарх баримтыг бид өмнө нь дэлгэрсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тодруулбал, В.Ганзориг нь Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт байрлах 31.75 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-021972 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл буюу лицензээ 5 сая ам.доллароор “Вайнд майнд” компанийн захирал Г.Ариунболдод 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдөр зарсан байна. Гэсэн ч тэрбээр үүнээсээ ердөө долоохон сарын дараа буюу 2022 оны аравдугаар сарын 25-ны өдөр тухайн уурхайн лицензийг эзэмшиж байсан “Вайнд майнд” компанийг 5 мянган төгрөгөөр өөрийн болгож авсан байдаг аж. 

-В.ГАНЗОРИГИЙГ ЗАЛИЛАХ, БАЙГАЛЬ ОРЧИНД ХОХИРОЛ УЧРУУЛАХ, ТАТВАРААС ЗАЙЛСХИЙХ ЗЭРЭГ ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА-

ВИДЕО: 

Энэ нь ч мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоод байгаа гэдгийг албаныхан мэдээлсэн. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах албаны хэлсийн дарга, Цагдаагийн хурандаа Л.Төгс-Ухаан “Гомдол гарагч А нь тус компанийн ашиглалтын зөвшөөрлийн таван сая ам.доллароор худалдан авч 50 метрийн хөрс хуулалт хийж үйл ажиллагааны зардалдаа нийт 41.9 тэрбум төгрөг зарцуулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Ийм нөхцөл байдал үүссэн байхад иргэн Г нь хуурч мэхлэн зохиомол байдлаар зориудаар бий болгож тус компаниа өөрийн нэр дээр буцаан шилжүүлэн авсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Иймд иргэн Г-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгосон, их хэмжээний мөнгө залилсан үйлдэлд нь /2026.08.04/ өдөр эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Мөн яллагдагч Г нь 2022 оны аравдугаар сараас 2025 он хүртэл Булган аймгийн Бүрэгхангай суманд хууль бусаар их хэмжээний ашигт малтмал олборлож, байгаль орчинд 2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 74 техникийг хураан авсан” гэдгийг тодотгосон байдаг. 

-В.ГАНЗОРИГИЙГ ОРГОН ЗАЙЛАХ, ЭСХҮЛ ХЭРГИЙН УЛ МӨР, ЭД МӨРИЙН БАРИМТ, НОТЛОХ БАРИМТЫГ УСТГАХ, ӨӨРЧЛӨХ ЗЭРЭГ ҮНДЭСЛЭЛЭЭР ХОРЬЖЭЭ-

Тэгвэл В.Ганзоригийг бусдыг залилж, хууль бусаар их хэмжээний ашигт малтмал олборлож, байгаль орчинд хохирол учруулсан гэх хэргүүдээр яллагдагчаар татан, цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан "хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа" гэх үндэслэлээр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн бөгөөд В.Ганзориг нь өдгөө ШШГЕГ-ын Хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа аж.  Харин В.Ганзоригийн өмгөөлөгч нар түүнийг суллуулахаар шүүхэд хүсэлт гаргасан ч шүүх тус хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. 

-В.ГАНЗОРИГ "ГЛИЙМСТАР" КОМПАНИА ХЭДХЭН ХОНОГИЙН ӨМНӨ ГАНЗОРИГИЙН САЙХАНЗУЛ РУУ ШИЛЖҮҮЛЖЭЭ-

Хуулийн байгууллагад дээрх хэргүүдээр шалгагдаж буй В.Ганзориг нь Булган аймгийн Бүрэгхангай суманд байрлах MV-021972 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан “Глиймстар” ХХК-ийнхаа эзэмшлийг саяхан бусад руу шилжүүлсэн байна. Улсын бүртгэлийн нээлттэй мэдээллээс үзэхэд, В.Ганзориг нь өөрийн эзэмшилд байсан “Глиймстар” ХХК-ийн хувьцааг Ганзоригийн Сайханзул гэх хүн рүү шилжүүлж, тус компанийн гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгчөөр Ганзоригийн Сайханзул гэх хүн энэ оны наймдугаар сарын 17-ны /2026.08.17/ өдөр бүртгэгджээ. 

Хуулийн байгууллагад шалгагдаж байхдаа цагдаа, прокурор, шүүхийнхэн төдийгүй төрийн өндөрлөгүүдийн нэрийг дурдан худал байж болзошгүй мэдээллийг түгээж байх талтай В.Ганзориг нь хэрэг нь шалгагдаж эхлэхтэй зэрэгцэн өөрийн эзэмшлийн компаниудыг бусад руу ийнхүү шилжүүлж байгаа нь энд мөн л анхаарал татаж байна. 

Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.  




Өнөөдөр нохой өдөр

43 минутын өмнө