Монгол Улсын 21 аймгийн бизнесийн орчин дахь авлигын эрсдэл харилцан адилгүй байна. 21 аймгийн 204 аж ахуйн нэгжийн үнэлгээнд тулгуурласан Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн “Орон нутгийн бизнесийн орчин дахь авлигын эрсдэл: Хувийн хэвшлийн үнэлгээ” судалгааны дүн үүнийг тодорхой харууллаа.
"ГОВЬСҮМБЭР, ДАРХАН-УУЛ, ХӨВСГӨЛ АВЛИГЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР ТЭРГҮҮЛЛЭЭ"
Тодруулбал, Судалгааны ерөнхий үнэлгээ 37.79 оноо гарчээ. Харин аймгуудын хоорондын ялгаа анхаарал татахуйц өндөр байна. Говьсүмбэр аймаг 55.07 оноогоор хамгийн өндөр үнэлгээ авсан бол Булган аймаг 20.28 оноогоор хамгийн бага үнэлгээ авчээ. Өөрөөр хэлбэл, хоёр аймгийн хооронд 34.79 онооны зөрүү байна. Говьсүмбэрийн араас Дархан-Уул 49.07, Хөвсгөл 48.40, Төв 47.56, Сүхбаатар 45.70, Хэнтий 45.29, Орхон 45.05 оноогоор эрэмбэлэгджээ. Харин Булганы дараа Дундговь 25.52, Говь-Алтай 26.64, Баянхонгор 29.22, Увс 31.24 оноотой байна.
Энэ ялгааг зөвхөн “аль аймагт авлига их, аль аймагт бага вэ” гэсэн өнцгөөр харах нь учир дутагдалтай. Учир нь авлигын эрсдэл нь тухайн орон нутгийн эдийн засгийн бүтэц, төрийн үйлчилгээний чанар, бизнес эрхлэгчдийн төртэй харилцах хэлбэрээс ихээхэн хамаардаг. Нэг бүс нутагт багтдаг аймгуудын үнэлгээ хүртэл эрс ялгаатай байгаа нь үүнийг батална. Хойд бүсийн Хөвсгөл 48.40 оноотой байхад Орхон 45.05, Булган 20.28 оноотой байна. Говийн бүсэд Говьсүмбэр 55.07 оноо авсан ч Дундговь 25.52, Өмнөговь 34.54, Дорноговь 33.27 оноотой байна. Тиймээс “орон нутагт авлигын эрсдэл өндөр” гэх ерөнхий дүгнэлтээс илүүтэйгээр аймаг бүрийн нөхцөл, эрсдэлийн хэлбэрийг тусад нь авч үзэх шаардлагатай юм.
"ГОВЬД ТОМ ТӨСӨЛ, ЛИЦЕНЗ, ТЕНДЕР ДАГАСАН АВЛИГЫН ЭРСДЭЛ АНХААРАЛ ТАТАЖ БАЙНА"
Ялангуяа энэхүү судалгааны хамгийн анхаарал татах хэсэг бол бүс, аймаг бүрт авлига өөр хэлбэрээр далд оршиж буйг харуулсан явдал юм. Тухайлбал, говийн аймгуудын бизнесийн орчныг уул уурхай, томоохон төсөл, ханган нийлүүлэлтээс тусад нь авч үзэх боломжгүй. Лиценз, дэд бүтэц, томоохон худалдан авалт, төсөлтэй холбоотой шийдвэрүүдийн эдийн засгийн үнэ цэнэ өндөр учраас энд үүсэх эрсдэл зөвхөн мөнгө нэхэх, өгөх хэлбэрээр хязгаарлагдахгүй. Тендерийн шалгуур хэрхэн боловсруулагдсан, мэдээлэл бүх оролцогчдод ижил хугацаанд хүрсэн эсэх, шийдвэр гаргалтад ашиг сонирхлын зөрчил нөлөөлсөн эсэх зэрэг нь бизнесийн шударга өрсөлдөөнд шууд нөлөөлнө. Иймээс томоохон төсөл, худалдан авалттай холбоотой шийдвэрийн үйл явцыг илүү нээлттэй, хяналттай болгох нь говийн бүсэд онцгой ач холбогдолтой.
"ХАНГАЙД ТӨРИЙН ДЭМЖЛЭГ, САНХҮҮЖИЛТ ДАГАСАН АВЛИГЫН ЭРСДЭЛ АНХААРАЛ ТАТДАГ"
Харин Хангайн бүсийн хувьд нөхцөл байдал өөр. Хөдөө аж ахуй, жижиг, дунд бизнес, орон нутгийн үйлчилгээ давамгайлдаг учраас авлигын эрсдэл томоохон лиценз, төслийн шийдвэрээс илүүтэй төрийн дэмжлэг, санхүүжилт, зөвшөөрөл, мэдээллийн хүртээмжээр дамжин илэрч болох юм. Хэрэв ижил шалгууртай бизнесүүдэд төрийн дэмжлэг тэгш хүрэхгүй, эсвэл мэдээллийг зарим нь хувийн харилцаагаар түрүүлж авдаг бол энэ нь шууд авлигын хэрэг биш ч шударга өрсөлдөөнийг алдагдуулах эрсдэлтэй. Хангайн бүсийн дундаж 34.77 оноо байгаа бөгөөд Архангай 38.92, Өвөрхангай 36.99, Баянхонгор 29.22 оноотой байгаа нь нэг бүсийн дотор ч бизнесийн орчны ялгаа байгааг харуулж байна.
"БАРУУНД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ХОЛБООТОЙ АВЛИГЫН ЭРСДЭЛ АНХААРАЛ ТАТАЖ БАЙНА"
Баруун бүсийн хувьд зах зээлийн хэмжээ, логистик, төрийн үйлчилгээний хүртээмж зэрэг хүчин зүйл илүү чухал байр суурь эзэлнэ. Төрийн байгууллагаас мэдээлэл авах, зөвшөөрөл шийдвэрлүүлэхэд албан ёсны дүрэм журмаас илүү хувь хүний харилцаа нөлөөлдөг нөхцөл үүсвэл бизнес эрхлэгчдийн хувьд шударга өрсөлдөх боломж хумигдана. Баруун бүсийн дундаж үнэлгээ 35.44 оноо боловч Завхан 43.63, Баян-Өлгий 41.01 оноотой байхад Говь-Алтай 26.64, Увс 31.24, Ховд 33.71 оноотой байна. Энэ нь газарзүйн хувьд ойролцоо бүс нутгуудад ч төрийн үйлчилгээ, мэдээллийн хүртээмж, бизнесийн орчин өөр байж болохыг харуулж байна.
"ТӨВИЙН БҮСЭД ГАЗАР, БАРИЛГА, ТЕНДЕР ДАГАСАН АВЛИГЫН ЭРСДЭЛТЭЙ"
Төвийн бүсийн хувьд нийслэлтэй ойр байршил, дэд бүтэц, мэдээллийн хүртээмж зэрэг давуу тал байгаа ч газар, барилга, төрийн худалдан авалт, тендер зэрэг төрийн шийдвэрээс хамааралтай салбаруудад ил тод байдал чухал хэвээр. Тус бүс 44.83 оноогоор хамгийн өндөр бүсийн үнэлгээтэй боловч Дархан-Уул 49.07, Төв 47.56 оноотой байхад Сэлэнгэ 37.39 оноотой байгаа нь бүсийн дундаж үзүүлэлт аймаг бүрийн нөхцөлийг бүрэн илэрхийлж чаддаггүйг мөн харуулж байна.
Ийм нөхцөлд авлигатай тэмцэх бодлогыг бүх аймагт нэг загвараар хэрэгжүүлэхээс илүүтэй тухайн орон нутгийн эрсдэлийн онцлогт тохируулах шаардлагатай. Нэг аймагт төрийн үйлчилгээний ил тод байдал, шийдвэрлэх хугацаа, мэдээллийн хүртээмжийг сайжруулах нь нэн тэргүүний асуудал байж болох бол нөгөө аймагт тендер, худалдан авалт, лиценз, томоохон төслийн шийдвэрийг ил тод болгох нь илүү үр дүнтэй байж болно. Өөрөөр хэлбэл, авлигын эсрэг бодлого “авлига бүү ав” гэсэн урианаас илүү “авлига үүсэх боломжийг бий болгож байгаа процессыг хэрхэн өөрчлөх вэ” гэдэгт төвлөрөх шаардлагатай.
Үүний тулд төрийн үйлчилгээг аль болох хүнээс хамааралгүй болгож, зөвшөөрөл, бүртгэл, шийдвэрийн явцыг цахимжуулах, үйлчилгээний хугацаа болон шаардлагатай мэдээллийг тодорхой болгох нь чухал. Мөн төрийн худалдан авалтад зөвхөн эцсийн шалгаруулалтыг бус шалгуур боловсруулах, үнэлэх, шийдвэр гаргах бүхий л үе шатыг ил тод болгох шаардлагатай. Бизнес эрхлэгчдэд мэдээлэл тэгш хүрдэг, гомдол санал нь тодорхой хугацаанд шийдэгддэг, төрийн байгууллагын шийдвэр үндэслэлтэй бөгөөд мөрдөх боломжтой болсон нөхцөлд албан бус харилцааны хэрэгцээ аяндаа буурна гэж үзэж байгаа аж. Судалгааг ЭНД дарж уншина уу.