СУРВАЛЖИЛГА: Минжний дүдрыг төрсөн цагаас нь өсгөж, гэр бүлтэй болгон байгальд нь тавихад зургаан жил шаардлагатай

СУРВАЛЖИЛГА: Минжний дүдрыг төрсөн цагаас нь өсгөж, гэр бүлтэй болгон байгальд нь тавихад зургаан жил шаардлагатай

Улаанбаатарын төвөөс холдох тусам хотын чимээ аажмаар намсаж, замын хоёр талаар уулын хормой, мод бут ээлжилнэ. Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоныг өнгөрөөд цаашлахад хүний хөл хөдөлгөөн цөөрч, Туулын эх рүү чиглэсэн замын хажууд байгальтай зэрэгцэн ажилладаг нэгэн жижигхэн ертөнц угтана. Тэр бол минж үржүүлгийн газар.

ВИДЕО:

-ХОС БОЛГОХЫН ӨМНӨ ТЭДНИЙГ ТАНИЛЦУУЛАХ ҮҮРЭНД 15-20 ХОНОГ ОРЧИМ ТОРНЫ ХОЁР ТАЛД БАЙЛГАЖ, ҮНЭРЭЭР НЬ ДАСГАДАГ АЖЭЭ-

Монголд минжийг дахин нутагшуулах ажил 2012 онд эрчимжсэн түүхтэй. Судалгаанд дурдсанаар тухайн онд Бавариас 14, ОХУ-ын Кировоос 27 минж авчирч, улмаар Туулын дээд хэсэгт долоон бүлийн 16 минжийг байгальд тавьсан байна. Өнөөдөр тэдгээр анхны амьтдын үр төл Монголын гол, горхины сав газарт нутагшин, хүний гараар эхэлсэн ажлыг байгалийн өөрийн үйл явц болгон үргэлжлүүлж байгаа юм. Энэ ажлын гол зорилго нь зүгээр нэг “минжний тоог нэмэх” байгаагүй. Минжийг усны экосистемийн үйл ажиллагаанд нөлөөлдөг амьтан гэдгээр нь авч үзэж, Туул болон бусад голын эхийн усны горим, эргийн экосистем, биологийн олон янз байдлыг дэмжих боломжийг судалж иржээ. Энд одоогоор 40 орчим минж байгаа. Өөрөөр хэлбэл 12 гэр бүл гэсэн үг. Минж бол нутаг дэвсгэрээ хамгаалдаг, хүчтэй эрүүтэй, зэрлэг амьтан учраас анихгүй минжийг шууд нэг үүрэнд оруулбал хүйс харгалзахгүйгээр дайрч, хазах эрсдэлтэй байдаг байна.

Хос болгохын өмнө тэднийг танилцуулах үүрэнд 15-20 хоног орчим торны хоёр талд байлгаж, үнэрээр нь дасгадаг ажээ. Дараа нь зан араншинг нь ажиглаж байгаад нэг үүрэнд оруулна. Үржүүлэгчид энэ зориулалтын тасалгаагаа “хуримын ордон” хэмээн нэрлэсэн байв.

Минжийг харахад том биетэй, эв хавгүй мэрэгч мэт боловч амьдралынх нь зохион байгуулалт тун нарийн. Усанд сэлэхэд зохицсон хавтгай сүүл, хурууны завсар хальстай хойд хөл, усан дор нүдийг хамгаалах тунгалаг зовхи, тасралтгүй ургадаг хүчирхэг соёо зэрэг нь түүнийг усан орчинд амьдрахад төгс зохицсон амьтан болгожээ. Өөрөөр хэлбэл минж бол хоёр нутагтан гэхээсээ илүү, ус-хуурай газрыг хослуулан амьдардаг хөхтөн амьтан юм. Түүний хамгийн чухал эрхтэн бол сүүл. Сэлүүрийн үүрэг гүйцэтгэхээс гадна аюул мэдрэхэд усан дээр хүчтэй цохиж, ойр орчмын минжнүүдэд дохио өгдөг. Харин урд хэсгийн шүд нь мод огтлох “багаж” болж хувирна. Шүд нь амьдралын турш ургадаг учраас байнга мэрэх шаардлагатай. Үүнийг нь үржүүлгийн газрынхан ч сайн мэддэг учир нарийн нахиа, бүдүүн мөчир, мод өгч шүдийг нь хэвийн элэгдүүлдэг гэж байлаа. Минжний үүрний зохион байгуулалт ч өөрийн гэсэн учиртай. Усанд орох боломжтой хэсэгтэй, хуурай газар дээр амрах орон зайтай. Үүрэнд нь байгаа усыг нэг өнжөөд сольж, тогтмол хугацаанд цэвэрлэж, ариутгана. Учир нь амьтан олноор амьдарч байгаа орчинд эрүүл ахуйн дэглэм алдагдвал өвчлөл хурдан тархах эрсдэлтэй юм. Харин тухайн минж өвдсөнийг зузаан үснээс нь шууд харах амаргүй. Тиймээс уснаас гарч ирсэн үеийг нь ажиглана. Улмаар нойтон үс нь биед нь наалдахад биеийн жин, галбирын өөрчлөлт илүү тод харагддаг. “Өвдөхөөрөө жингээ хурдан хасна” хэмээн минж асрагч Т.Ганзориг ярив.

Өдрийн хооллолт нь ч багагүй хөдөлмөр шаарддаг. Өглөөнөөс орой хүртэл хэд хэдэн удаа хооллож, агшаасан будаа, улаанбуудай, багсармал тэжээлээс гадна алим, лууван, модны мөчир зэрэг өгнө. Байгальд өөрсдөө олж идэх боломжтой хүнсийг нэмэлт тэжээлтэй хослуулдаг гэсэн үг. Т.Ганзоригийн ажил үүгээр дуусахгүй. Эр, эмийг нь зөв ялгах, төрөл садныг бүртгэх, хослуулахдаа цус ойртолтоос сэргийлэх, төллөсний дараах өсөлтийг хянах, өвчний шинж тэмдгийг эрт илрүүлэх гээд нэг бүрчлэн тэмдэглэж, ажиглана.

 

Төрөлтийн хувьд нэг хэвийн тоо байдаггүй. Ихэр, гурван ихэр, дөрвөн ихэр, зарим тохиолдолд таван ихэр “дүдэр” төрөх боломжтой. Үржүүлгийн газрынхны хэлснээр энэ жилийн таван ихэр нь Монголд бүртгэгдсэн хоёр дахь таван ихэр болж байгаа аж.

-МИНЖИЙГ “ЭКОСИСТЕМИЙН ИНЖЕНЕР” ХЭМЭЭН НЭРЛЭДЭГ НЬ УЧИРТАЙ-

Минжний тухай ярихад хамгийн түрүүнд мод мэрж, далан барьж буй дүр зураг төсөөлөгддөг. Гэвч экологийн шинжлэх ухаанд тэднийг зөвхөн мод иддэг мэрэгч гэж харахаа аль хэдийн больжээ. Минжийг “экосистемийн инженер” хэмээн нэрлэдэг нь учиртай. Тэд гол, горхины урсгалд мод, мөчир, шавар, ургамлыг ашиглан далан үүсгэж, ус тогтоон жижиг цөөрөм, намгархаг орчин бий болгодог. Ингэснээр нэг амьтны барьсан далан олон зүйл амьтны амьдрах орчныг өөрчилж чадна гэсэн үг.  Өөрөөр хэлбэл минж ганцаараа экосистем биш, харин бусад амьд биетэд “орон байр” бий болгодог инженер гэж хэлэхэд буруудахгүй. Түүний барьсан далан усны урсгалыг удаашруулах үед тунадас тогтож, усны хөдөлгөөн, чийгийн тархалт өөрчлөгдөнө. Зарим газарт газрын доорх усны түвшин нэмэгдэх нөхцөл бүрдэж, ургамал ургах орчин тэлнэ. Улмаар ус, ургамал, шавж, загас, шувуу, хөхтөн амьтдыг холбосон жижиг экосистем үүсдэг. Судалгаагаар минжний далан болон цөөрөм нь эргийн бүсийн биологийн олон янз байдалд чухал нөлөөтэйг тогтоосон байдаг.

Байгальд тавьсан минжнүүдийг өдөр бүр нүдээрээ харах боломжгүй. Шөнийн идэвхтэй амьдралтай учраас хүнтэй таарах нь ховор. Тэдний оронд үлдээсэн ул мөр л байгальд харагдана. Мэрсэн мод, эргийн шаварт үлдсэн мөр, усан дээр хөвөх мөчир, хаа нэгтээ бий болсон далан. Энэ бол эх байгальдаа нутагшсан минж өөрийнхөөрөө ажиллаж эхэлсний шинж. Одоогоор үржүүлгийн газраас байгальд тавьсан минжний тоо 100  хол даваад байгаа. Гэхдээ гол зорилго нь зөвхөн тодорхой тоонд хүрэх биш, минж хүний оролцоогүй өөрөө үржин тогтвортой популяци бүрдүүлэх явдал. Ингэснээр хүн байгальд дахин дахин “амьтан үржүүлж нийлүүлэх” шаардлага багасаж, минж өөрийн экосистем дотор амьдралын мөчлөгөө үргэлжлүүлэх боломжтой болох юм.




Өнөөдөр тахиа өдөр

33 минутын өмнө