Махатма Гандигийн 688 гар бичмэл 1.7 сая доллараар зарагджээ

Махатма Гандигийн 688 гар бичмэл 1.7 сая доллараар зарагджээ

Энэтхэгийн тусгаар тогтнолын хөдөлгөөний удирдагч Махатма Гандигийн бичсэн 688 гар бичмэл 1.7 сая ам.доллараар дуудлага худалдаагаар зарагджээ.

Тус гар бичмэлүүд нь Ананд Т. Хингоренийн хувийн цуглуулгад хадгалагдаж байсан аж. Энэтхэгийн "Saffronart" дуудлага худалдааны байгууллагаар наймдугаар сарын 18-19-нд  худалдаалагджээ. Ялагчийн санал 162 сая энэтхэг рупи буюу 1.705 сая ам.долларт хүрсэн байна.

Ганди эдгээр тэмдэглэлийг 1944 оны арваннэгдүгээр сарын 20-ноос 1946 оны аравдугаар сарын 10-ны хооронд Хингоренид зориулан хинди хэлээр бичсэн. Тэмдэглэлүүдэд бичсэн огноо, газар нутгийг нь мөн тэмдэглэжээ. Эхний 519 тэмдэглэлийг Хингоренийн өгсөн тусгай цомгийн хуудсан дээр бичсэн бол үлдсэн 520-688 дугаар тэмдэглэлийг дэвтэрт үргэлжлүүлэн бичсэн байна. Гар бичмэлүүдэд үнэн, хүчирхийлэл үл хэрэглэх үзэл, итгэл, залбирал, хөдөлмөр, үүрэг, айдасгүй байдал, шашны тэгш эрх, өөрийгөө сахин хянах болон Бурханыг эрэлхийлэх зэрэг олон сэдвийг хөнджээ.