Сүүлийн өдрүүдэд гол, мөрний усанд осолдсон тухай дуудлага мэдээлэл нэмэгдэж байгаатай холбогдуулан Онцгой байдлын байгууллагаас иргэдийг усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Тухайлбал, энэ сарын 1-нд Туул голд 44 настай эрэгтэй усанд осолдож, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Харин өнгөрсөн хоногт усны осолтой холбоотой гурван дуудлага бүртгэгдэж, үүнээс хоёр иргэнийг эсэн мэнд аварсан бол нэг хүн амиа алджээ.
Тодруулбал, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн "Хэрлэнгийн гүүр" орчимд Хэрлэн голын усанд дөрвөн настай эрэгтэй хүүхэд хөл алдан унасан тухай дуудлага долдугаар сарын 2-ны өдрийн 16:15 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хүүхдийг голын уснаас эсэн мэнд гарган анхны тусламж үзүүлж, эцэгт нь хүлээлгэн өгчээ.
Мөн Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, "Мишээл экспо"-гийн урд талын Туул голд хүүхэд живж байна гэсэн дуудлага мөн өдрийн 17:48 цагт бүртгэгджээ. Аврах ангийн алба хаагчдыг очиход есөн настай хүү найзуудтайгаа голын эрэг дээр тоглож байгаад усанд сэлэхээр орж, хөл алдан 150-200 метр орчим урсаж, бургаснаас зүүгдсэн байжээ. Аврагчид хүүхдийг голын уснаас эсэн мэнд гарган, ээжид нь хүлээлгэн өгсөн байна.
Харин Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын эцэс орчмын Туул голд хүн живсэн тухай дуудлага 19:58 цагт иржээ. Аврах ангийн алба хаагчдыг очиход 23 настай эрэгтэй "Т "голын усанд сэлж байгаад живсэн байсан бөгөөд анх усанд орсон газраасаа 160 орчим метрийн зайд, голын урд эрэгт нас барсан байдалтай олджээ. Алба хаагчид цогцсыг гарган Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.