СУРВАЛЖИЛГА: Дэлхийн хамгийн өндөрт тооцогдох "Морин хуурын хөшөө"-тэй аялал жуулчлалын цогцолборын бүтээн байгуулалтын ажил явагдаж байна

СУРВАЛЖИЛГА: Дэлхийн хамгийн өндөрт тооцогдох "Морин хуурын хөшөө"-тэй аялал жуулчлалын цогцолборын бүтээн байгуулалтын ажил явагдаж байна

Улаанбаатар хотоос баруун тийш орших бүтээн байгуулалтын талбайд галын дөл өөдөө бадарч, арц хүжний анхилуун үнэр сэнгэнэнэ. Монголчуудын бэлгэдэлт "Гурван морьтой" хэмээх билэгт сайн өдөр дэлхийн хамгийн өндөрт тооцогдох Морин хуурын хөшөөний их бие буюу "цар"-ын угсралтын ажил ийнхүү албан ёсоор эхэллээ.

ВИДЕО:

Энэ өдөр тохиолдлынх биш. Монгол зурхайн тооллоор Гал морь жилийн морь сарын морь өдөр давхацсан ховорхон тохиох бэлгэшээлт өдөр. Бүтээн байгуулагчид уламжлал ёсоор гал тахих ёслол үйлдэж, морин хуурын сүр хүчийг бэлгэдсэн аварга байгууламжийн эхлэлийг албан ёсоор тавив.

Бүрэн ашиглалтад орсны дараа 22 метр өндөртэй сүндэрлэх энэхүү аварга морин хуур нь дэлхийд хамгийн өндөрт тооцогдох хөшөө болохоор төлөвлөгджээ. Одоогоор угсарч эхэлсэн "цар" хэсэг нь хөшөөний үндсэн их бие бөгөөд цогцолборын архитектурын гол хэсгийг бүрдүүлэх юм.

Хөшөөний дэргэд үе үеийн өв тээгчдэд зориулсан "Өвгөн хуурч"-ийн хөшөөг байршуулна. Энэ нь монголчуудын морин хуурын уламжлалыг өнөө цагт өвлүүлэн авчирсан ардын авьяастан, урчууддаа үзүүлж буй хүндэтгэлийн илэрхийлэл ажээ. "Дэлхийн морин хуурын төв цогцолбор" нь ганцхан дурсгалын байгууламж биш. Морин хуурын музей, тоглолтын танхим, эрдэм шинжилгээний болон хүлээн авалтын танхим, жуулчдад зориулсан үйлчилгээний төвүүдийг багтаасан соёл, аялал жуулчлалын шинэ төв болохоор төлөвлөгджээ.

Энд Морин хуурын чуулга өдөр бүр тоглолт толилуулж, Монголыг зорин ирсэн жуулчдад үндэсний урлагийг тогтмол хүргэнэ.

Мөн монгол ахуйн хотхон байгуулж, зочид эсгий гэр барих уламжлал, мал аж ахуй, нүүдэлчин амьдралын хэв маягтай танилцах боломжтой болно. Үүнээс гадна үндэсний хоолыг орчин үеийн аялал жуулчлалын чиг хандлагад нийцүүлэн "Mongolian Street Food" хэлбэрээр танилцуулах гудамж байгуулахаар төлөвлөжээ.

Төслийн хамгийн том зорилтуудын нэг нь Гиннесийн дэлхийн дээд амжилтыг Монголд авчрах юм. 2023 онд БНХАУ 2,356 морин хуурчийг нэгэн зэрэг тоглуулж энэ төрлийн дээд амжилтыг тогтоосон бол энэхүү төслийн хүрээнд 9,999 морин хуурчийг нэгэн зэрэг эгшиглүүлж, амжилтыг хол зөрүүтэй шинэчлэхээр төлөвлөж байна. Бүтээн байгуулагчдын үзэж буйгаар энэ нь зөвхөн тооны өрсөлдөөн биш. Харин морин хуурын өлгий нутаг Монгол Улс үндэсний өв соёлынхоо үнэ цэнэ, түүхэн эх сурвалжийг дэлхий нийтэд дахин бататгах бэлгэдэл болох юм.

Энэ талаар уг төслийг санаачлагч О.Ариунболд "Бид үндэсний өв соёлыг жуулчдаар дамжуулан дэлхий дахинд таниулах зорилго тээж байна.  Өнгөрсөн цаг хугацаанд гаднын жуулчид манай улсын наадам, монгол гэр, нүүдэлчин ахуйг сонирхдог байсан. Гэтэл бид морин хуурын өв соёлын төлөө олигтой зүйл ховор хийсэн. БНХАУ-д гэхэд морин хуурын музей, сургалт зэрэг маш олон бий. Манай компани нийгэмд олон компаниас мөнгө босгож, энэ төслөө хийж байна. Мөн Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Н.Учрал биднийг дэмжсэн. Хоёр жилийн хугацаанд хийх төслийг 3.5 сард дуусгахаар ажиллаж байна" гэв.

Морин хуур нь 2003 онд ЮНЕСКО-гийн "Хүн төрөлхтний аман болон биет бус соёлын өвийн дээж"-ээр бүртгэгдсэн Монголын үнэт өв. Энэхүү цогцолбор ашиглалтад орсноор зөвхөн соёлын өвийг хамгаалахаас гадна аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгож, Монголын соёлын брэндийг олон улсад сурталчлах зорилготой. 22 метрийн аварга морин хуур, төрөлжсөн музей, байнгын урлагийн тоглолт, монгол ахуйн хотхон, үндэсний хоолны гудамж гээд энэ бүхэн нэг дор төвлөрснөөр Монголын соёлын шинэ төв бий болохыг төслийн баг онцолж байна. Өнөөдөр угсралтын ажил эхэлсэн "цар" хэсэг ирээдүйд зөвхөн аварга хөшөөний суурь болохгүй. Харин монголчуудын олон зууны турш хадгалж ирсэн морин хуурын эгшиг дэлхий дахинд улам хүчтэй цуурайтах шинэ бэлгэдлийн эхлэл болохыг бүтээн байгуулагчид билэгшээж байна.