999 морины дэлээр зүү ороосон бүтээлээ ЮНЕСКО-д бүртгүүлнэ

999 морины дэлээр зүү ороосон бүтээлээ ЮНЕСКО-д бүртгүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийг манай улсад анх удаа тэмдэглэх гэж буй. 56 орны адууны соёлыг тээгчид оролцох эл өдрийг тохиолдуулан 999 адууны сүүл, дэлээр зүү ороож оёх ажлыг 19834 дэх биет бус өвлөн тээгч, урлаач Б.Тунгалаг санаачилжээ. 

Тэрбээр “Их нэгдэл” төслийг санаачлан монголчуудын эв нэгдэл, морины соёлыг дэлхийд таниулах зорилгоор 8х6 метрийн хэмжээтэй Эзэн Чингис хааны мориор хүрч эзэлсэн Их Монгол Улсын газрын зураг дээр төрийн сүлдээ адууны хялгасаар зээглэж хийж байгаа бөгөөд сүлдэн дэх морины нүдийг молор чулуугаар урлаж эхэлсэн байна.

Энэхүү ажлын хүрээнд 21 аймгийн 330 сумын малчдаас ирүүлсэн 999 адууны дэл, сүүл болон тухайн айлын адууны тамганы дүрс тамга цуглуулах ажлыг хийж эхлүүлсэн аж. Урлаач Б.Тунгалаг энэхүү давтагдашгүй соёлын өв бүтээлээ ЮНЕСКО-д бүртгүүлэхээр зэхэж байгаа юм байна.

Түүний хувьд 999 тамгыг 999 адуун дэл сүүлээр 333 өвлөн уламжлагчдад зүү ороохыг зааж дээрх бүтээлийг урлана. Ингэхдээ 21 аймаг 330 сумын малчид, адуучид, уяачдын тамганаас төлөөлөл болгон оруулах аж.