Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 70 МВт-ын хүчин чадалтай ДЦС-ыг “Райд Монголиа” ХХК барьж буй. Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнгөрсөн амралтын өдрүүдэд тус станцын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
Тус станц тус бүр 35 МВт турбингенератортай хоёр блок зуухтай байх бөгөөд төслийн хөрөнгө оруулалтын дүн 148 сая ам.доллар юм. Жилд 489.2 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэн, 440.2 сая кВт.ц цахилгаан, 373 мянган Гкал дулаан түгээхээр тооцож байна. Барилга угсралтын ажлыг 2024 оны тавдугаар сарын 1-нд эхлүүлсэн бөгөөд өдгөө 85 хувийн гүйцэтгэлтэй, бараа материалын татан авалт 95 хувьд хүрчээ. Эрчим хүчний сайд Б.Найдалаа ажлаа шуурхайлж, ДЦС-ыг өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулахыг даалгалаа. Энэ талаар “Райд Монголиа” ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Н.Баярсайхан “35 МВт-ын хүчин чадалтай эхний блокийн туршилт тохируулгыг ирэх долоодугаар сард багтаан хийж, наймдугаар сард эрчим хүчний системд холбохоор төлөвлөж байна. Мөн хоёр дахь блокийг есдүгээр сарын 15-ны дотор системд холбохоор ажиллаж байгаа” гэлээ. Ташрамд дурдахад, уг станцыг анх 2017 онд 50 МВт-ын хүчин чадалтай байхаар тооцон ТЭЗҮ-ийг нь баталж байв. Сэлэнгэ аймгийн дулааны хэрэглээг хангах шаардлагаас үүдэн 2024 онд 70 МВт-ын хүчин чадалтай ДЦС байхаар ТЭЗҮ-ийг нь өөрчлөн баталсан билээ.