Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Ж.Энхбаяр эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө болон 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд 6.8 хувийн өсөлттэй гарсныг онцлоод, энэхүү өсөлтөд хөдөө аж ахуй болон уул уурхайн салбарын өсөлт голлон нөлөөлсөн гэж мэдэгдэв. Харин өрхийн орлогын өсөлт улсын хэмжээнд таван хувьтай байсан бол Улаанбаатар хотод 2.2 хувь буюу хамгийн бага үзүүлэлттэй гарчээ. Түүний хэлснээр, цалин хөлс зэрэг тогтмол орлогын эх үүсвэрүүд өссөн боловч тэтгэвэр, тэтгэмжийн өсөлт ердөө 3.2 хувьтай байгаа нь инфляцын түвшнээс доогуур үзүүлэлт болсон байна. Өнгөрсөн оны инфляц 8.1 хувьтай байсан бол энэ оны эхний улирлын байдлаар 7.4 хувьтай гарчээ. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүний инфляц 10 гаруй хувиар өссөн нь анхаарал татаж байгааг тэрбээр онцолсон юм. Үүнд мах, гурил, хүнсний ногооны үнийн өсөлт голлон нөлөөлсөн байна. Мөн олон улсын зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан шатахууны үнийн өсөлт дотоодын зах зээлд нөлөөлж эхэлжээ. Махны үнийн өсөлтийг улирлын шинжтэй гэж тайлбарласан ч экспорт нэмэгдэж, дотоодын нөөц хангалтгүй бүрдүүлсэн нь үнийн өсөлтөд нөлөөлсөн гэв. Санхүүгийн салбарын тухайд хэрэглээний зээлийн өсөлт саарч, харин бизнесийн зээлийн эрэлт нэмэгдэж байгааг мэдээллээ. Мөн чанаргүй зээлийн хэмжээ хэвийн түвшинд хадгалагдаж буй аж. Түүнчлэн төлбөрийн тэнцлийн үзүүлэлт сайжирсан талаар дурдсан юм. Тодруулбал, 2025 оны мөн үед төлбөрийн тэнцэл 462.4 сая ам.долларын алдагдалтай байсан бол 2026 оны эхний улирлын эцсийн байдлаар 574.6 сая ам.долларын ашигтай гарсан байна. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, борлуулалт өндөр түвшинд хадгалагдсан нь голлон нөлөөлжээ.