Сүүлийн үед манай улсад залилах төрлийн гэмт хэргийн тоо өссөөр байгаа. Цагдаагийн байгууллагад өнгөрөгч 2025 онд улсын хэмжээнд нийт 47 мянга 480 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 16 мянга 906 нь залилах гэмт хэрэг байна. Энэ нь нийт гэмт хэргийн 35.6 хувийг эзэлж байгаа юм. Түүнлэн, 2 сая 600 мянга гаруй иргэн фейсбүүк идэвхитэй хэрэглэгч байгаа гэсэн судалгаа гарсан нь нийт хүн амын 73%-ийг эзэлж буй юм. Үүнтэй холбоотойгоор цахим орчинд үйлдэгдэх залилах гэмт хэргийн тоо сүүлийн гурван жилд 34.3 хувийн өсөлттэй байна.
Залилах гэмт хэргийг үйлдлийн аргаар нь ангилан үзвэл 12 мянга 233 буюу 72.3 хувь нь цахим орчинд үйлдэгджээ. Үүний 42.2 хувь нь онлайнаар бараа, үйлчилгээ захиалах, 11.3 хувь нь Телеграммаар, 9.1 хувь нь хандив, 8.1 хувь нь тэтгэмжтэй холбоотой 6.0 хувь нь бусдын цахим хаягийг /ашиглан мөнгө авч залилах, бусад төрлийн хэрэг 23,3 хувьтай гэсэн тоон мэдээлэл бий. Тэгвэл өнгөрөгч онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89.2 хувийг есөн арилжааны банкны нийт 30 мянга 162 дансыг ашиглан үйлдсэн байна.
ВИДЕО:
-ИРГЭД: БАНКИНД ИТГЭЭД ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ӨГЧ БАЙГАА УЧИР ХАМГААЛАЛТАА САЙЖРУУЛАХ ХЭРЭГТЭЙ-
Тэгвэл бид залилах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, харилцагчдынхаа аюулгүй байдлыг хамгаалах асуудалд арилжааны банкнуудын зүгээс анхаарал хандуулах нь зөв үү гэсэн асуудлаар иргэдийн байр суурийг сонслоо.
Иргэдийн хувьд банкууд үйлчилгээгээ илүү ухаалагч болгож, итгэж мэдээллээ өгсөн иргэдийнхээ санхүүгийн аюулгүй байдлыг хангах талын арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх ёстойг хэлж байв. Түүнчлэн иргэд өөрсдөө ч сонор сэрэмжтэй, ухаалаг байж, илт хуурамч гэдэг нь ойлгомжтой мэдээлэл линк, мессеж рүү дарж орохгүй байх шаардлагатайг хэллээ. Банкуудын зүгээс интернет банкинд нь нэвтрэх гэж оролдсон, нууц үгийг нь буруу хийсэн үед мессеж явуулдаг үйлчилгээ нь маш хэрэгтэй байдгийг дурдаж, илүү сайжруулах шаардлагатай гэлээ.
Яриа өгсөн нэг иргэний хувьд онлайнаар тавилга захиалаад залилуулсан тухайгаа мөн хуваалцсан юм. Ингээд мөнгөө эргүүлж олохын тулд цагдаагийн байгууллага, мөн банкны салбарт хандахад тухайн залилсан этгээдийн мэдээллийг олж өгөх боломжгүй гэсэн бөгөөд илүү олон хүн цуглуулж чадвал олж болно гэсэн тухай хуваалцлаа. Мөн ойр орчмын хүмүүсийн жишээнээс харахад фейсбүүкээр нь нэвтэрч ороод танил хүмүүс рүү нь мөнгө асуусан чат явуулж залилах тохиолдол их байдаг гэлээ. Ийм төрлийн залиланд өртсөн хүмүүс ч эргээд мөнгөө олж авах нь бага байдгийг мөн хэлсэн юм.