АНУ дахин цэргийн ажиллагаа явуулбал Иран бүс нутаг дахь Америкийн байрлалд “урт хугацааны, хүнд цохилт” өгөх болно гэж Тегеран өчигдөр /2026.04.30/ анхааруулжээ.
АНУ-Израилийн Ирантай хийж буй дайн эхлээд хоёр сар өнгөрсөн ч стратегийн чухал гарц болох Ормузын хоолой хаалттай хэвээр байгаа юм. Дэлхийн газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийн 20 орчим хувь энэ бүсээр дамждаг тул хаалт нь эрчим хүчний үнийг огцом өсгөж, дэлхийн эдийн засагт дарамт учруулж байгаа юм.
Гал зогсоох шийдвэр дөрөвдүгээр сарын 8-наас хэрэгжиж байгаа ч Иран АНУ-ын тэнгисийн цэргийн хоригт хариу болгон хоолойн хөдөлгөөнийг нээхгүй хэвээр байгаа юм. Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ираны эсрэг авч хэрэгжүүлэх шинэ цэргийн хувилбаруудын талаар мэдээлэл авахаар төлөвлөж байгаа тухай эх сурвалжууд мэдээлээд байгаа.
Энэхүү мэдээлэл зах зээлд нөлөөлж, газрын тосны үнэ богино хугацаанд баррель нь 126 ам.доллароос давсан ч дараа нь 114 ам.доллар орчимд тогтворжсон байна.
Ираны Гадаад хэргийн яам хэлэлцээр богино хугацаанд үр дүнд хүрнэ гэж хүлээх нь бодит бус гэж мэдэгдсэн бол цэргийн удирдлагууд АНУ-ын аливаа шинэ довтолгоонд хатуу хариу өгөхөө анхааруулжээ. Мөн Ираны дээд удирдагчийн зүгээс Ормузын хоолойн хяналтыг алдахгүй гэсэн байр суурийг илэрхийлж, гадаадын цэргийн оролцоог эсэргүүцэж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш энэ байдал үргэлжилбэл дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, инфляци нэмэгдэн, олон сая хүн ядууралд өртөх эрсдэлтэйг анхааруулсан. Одоогоор АНУ болон Ираны хоорондын нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд цэргийн болон дипломат хувилбарууд зэрэгцэн яригдсаар байна.
Эх сурвалж: Reuters