УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл "Туулын хурдны зам" төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлт хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл "Туулын хурдны зам" төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлт хүргүүлжээ

УИХ-ын гишүүн  Б.Мөнхсоёл “Туулын хурдны зам” төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, олон нийтэд ил тод болгох шаардлагатай гэж үзэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсенд албан хүсэлт хүргүүлжээ.

Тэрбээр уг төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, эдийн засгийн үр ашиг, төсвийн ачаалалтай холбоотойгоор олон нийтийн дунд шүүмжлэл, эргэлзээ нэмэгдэж байгааг онцлоод одоогоор танилцуулж буй мэдээллүүд нь сурталчилгааны шинжтэй, харин судалгаа, тооцоонд тулгуурласан бодит мэдээлэл хангалтгүй байгааг дурджээ.

Иймд иргэдийн мэдэх эрхийг хангах, холбогдох хууль, тогтоомжийг хэрэгжилтэнд хяналт тавих үүднээс Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Батбаатар нараас "Туулын хурдны зам" төслийн дараах мэдээллийг ил тод болгох шаардлага тавьсан байна. Үүнд:

  • Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ (БОННҮ)
  • Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)
  • Санхүүжилтийн эх үүсвэр, эргэн төлөлтийн нөхцөл
  • Улсын болон нийслэлийн төсөвт үзүүлэх ачаалал

Түүнчлэн уг асуудлыг тус байнгын хорооны хуралдааны ирэх долоо хоногийн хуваарьт оруулан зохион байгуулж өгөхийг хүсжээ.