АНУ-ын Төрийн департамент болон Дотоодын аюулгүй байдлын яамнаас тус улсын Цагаачлал, харьяатын тухай хуулийн дагуу B1/B2 ангиллын виз мэдүүлэх гадаадын иргэдэд визийн барьцаа байршуулах хөтөлбөр /Visa Bond/-ийн нэмэлт 12 орны жагсаалтад Монгол Улсыг хамруулсантай холбогдуулан АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Нийл Вермильэн тэргүүтэй дипломатуудыг өнөөдөр ГХЯ-нд дуудаж уулзжээ.
Уулзалтын эхэнд Монголын тал үүсээд буй нөхцөл байдлын талаар тодруулга, тайлбар авч, Монгол Улсын Стратегийн Гуравдагч хөрш болох АНУ-ын Засгийн газар ийм шийдвэр гаргасан үндэслэл, шалтгааныг ойлгоход хүндрэлтэй байгааг тэмдэглэж, өсөн нэмэгдэж ирсэн хоёр улсын бизнес, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцаа болон бусад салбарын хамтын ажиллагааг хязгаарлах хүчин зүйл болж байгаа энэхүү шийдвэрт гүнээ харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн уг жагсаалтаас Монгол Улсыг гаргахад АНУ-ын ЭСЯ-ыг хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
АНУ-ын тал Визийн барьцаа байршуулах хөтөлбөрт 38 орон хамрагдаж байсныг 50 болгон нэмэгдүүлсэн нь АНУ-д зорчих жуулчдын визийн сахилга бат, хяналтыг сайжруулах, визийн хугацаа хэтрүүлэх явдлыг таслан зогсоох зорилгоор АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй цогц бодлогын нэг хэсэг гэдгийг тэмдэглэж, уг шийдвэртэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг монголын талд өгөх, жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана гэжээ.