Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ

Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр УИХ-ын Н.Учралд Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн явц болон Монгол Улсын 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг өнөөдөр (2026.03.12) өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр 16 үр дүнгийн хяналт-шинжилгээний шалгуур үзүүлэлт, 620 зорилттой, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь үндсэн 4 бодлогын хүрээнд 620 зорилт, 1396 арга хэмжээ, төсвийн ерөнхийлөн захирагчийн болон хөтөлбөрийн 219 хяналт шинжилгээний шалгуур үзүүлэлттэй батлагдсан.

Үүнээс мэдээллийн эх сурвалж гараагүй 3 үр дүнгийн шалгуур үзүүлэлтээс бусад 13 үр дүнгийн шалгуур үзүүлэлт, зорилтот түвшин болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 1213 зорилт, арга хэмжээ, төсвийн ерөнхийлөн захирагчийн 67 үр дүнг зорилтот түвшинд хүрсэн эсэхийг тухайн жилийн болон хөтөлбөр хэрэгжих хугацааны өссөн дүнтэй харьцуулан Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоол “Хяналт-шинжилгээ хийх журам”-д заасан аргачлалын дагуу хяналт-шинжилгээ хийсэн байна. Хяналт-шинжилгээний дүнгээр тус хөтөлбөрийн хавсралтаар баталсан бодлогын  13 үр дүнгийн 2025 оны хэрэгжилт 55.5 хувь, 2028 оны  зорилтот түвшинтэй харьцуулахад өссөн дүнгээр 30.7 хувь, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хавсралтаар баталсан төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүнгийн хэрэгжилт 64.1 хувь, өссөн дүнгээр 46.4 хувь, үйл ажиллагааны төлөвлөгөөний 575 зорилтын хэрэгжилт 66.4 хувь, өссөн дүнгээр 38.0 хувь, арга хэмжээний хэрэгжилт 67.9 хувь, өссөн дүнгээр 38.8 хувь байна.

Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэл, үр дүнг 2025 оны зорилтот түвшинтэй харьцуулан, журамд заасан хэрэгжиж дууссан бодлогыг дүгнэх үнэлгээний арга зүйг ашиглан хяналт-шинжилгээ хийжээ. Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр тэргүүлэх чиглэлийн үр дүн 48.5 хувь, төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүн  59.7 хувь, хөтөлбөрийн үр дүн 57.1 хувь, нийт төсөл, арга хэмжээний гүйцэтгэл дунджаар 61.0 хувийн гүйцэтгэлтэй гарсныг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцууллаа.