Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвөөс Хөрөнгө оруулалт, худалдааны газартай хамтран зохион байгуулж буй “Investment and Trade Agency Week” долоо хоногийн арга хэмжээний хоёр дахь өдөр “Эдийн засаг, санхүүгийн салбарын онцлох өдөр” сэдвийн хүрээнд боллоо.
Арга хэмжээг нээж, Б.Мөнхсоёл хэлсэн үгэндээ хөрөнгө оруулагчид тухайн улсын макро эдийн засгийн үзүүлэлт, хөрөнгө оруулалтын орчин тогтвортой, шударга эсэхийг харгалзан шийдвэр гаргадаг болохыг онцлон тэмдэглэв. Тиймээс Монгол Улс эдийн засгийн бодлого, шинэчлэлийн ажлуудаа эрчимжүүлэх шаардлагатай байгааг дурдсан юм. Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын Төсвийн хүрээний төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Мягмардорж “Макро эдийн засгийн төлөв ба стратегийн бодлогын төлөвлөлт” сэдвээр илтгэл тавьж, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын бодлогын чиглэлийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр урьдчилсан тооцооллоор эдийн засгийн өсөлтөд хөдөө аж ахуй, уул уурхайн салбар голлон нөлөөлж байгааг онцлов. Мөн экспортын үзүүлэлт жилийн туршид тодорхой хэлбэлзэлтэй байсан бөгөөд оны дунд үед нүүрсний үнэ буурснаар экспорт буурсан ч оны төгсгөлд биет хэмжээ сайжирч, нүүрсний экспорт 90 сая тоннд хүрснийг танилцууллаа.
Түүнчлэн “Хөрөнгө оруулалт, худалдааны газрын нэрэмжит 7 хоног”-ийн хүрээнд ирэх долоо хоногт эхлэх хаврын чуулганаар хэлэлцэх эдийн засгийн чиглэлтэй хууль, эрх зүйн асуудлуудын талаар мэдээлэл өгсөн юм. Үүнд татварын багц хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль зэрэг асуудлыг хэлэлцүүлэхээр төлөвлөж байгааг дурдав. Энэхүү хэлэлцүүлэг нь Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчны талаарх мэдээллийг оролцогчдод хүргэх, эдийн засгийн бодлого болон хууль эрх зүйн шинэчлэлийн чиглэлийг тодорхойлох зорилготой байв. “Хөрөнгө оруулалт, худалдааны газрын нэрэмжит 7 хоног” арга хэмжээ мэдээллийн технологийн салбарт чиглэсэн “Хөрөнгө оруулалтын ганцаарчилсан зөвлөгөө” арга хэмжээгээр үргэлжилнэ.