"АПУ", "Хаан банк" зэрэг хувьцаат компаниуд ногдол ашиг тараахад дэд бүтэц барь гэдэггүйтэй адил 1072 хувьцаа ч иргэдийн өмч гэв

"АПУ", "Хаан банк" зэрэг хувьцаат компаниуд ногдол ашиг тараахад дэд бүтэц барь гэдэггүйтэй адил 1072 хувьцаа ч иргэдийн өмч гэв

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, үүнээс 786.6 тэрбумыг ногдол ашиг болгож тараахаар шийдвэрлэсэн. Ингэснээр бүрэн 1072 ширхэг хувьцаатай иргэн бүрт татварын дараах байдлаар 63,242 төгрөгийн ногдол ашиг олгох юм. Үүнийг дөрөвдүгээр сарын 30-ны дотор иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөөд байгаа билээ.

Энэхүү мэдэгдлийн дараа иргэдийн дунд ногдол ашгийг бэлнээр тараахын оронд нэгтгэж, цахилгаан станц зэрэг томоохон бүтээн байгуулалтад зарцуулах санал өрнөөд буй. Гэвч уг асуудал нь хувьцаа эзэмшигчийн өмчийн эрх болон компанийн хөрөнгийг захиран зарцуулах эрх зүйн зохицуулалттай шууд хамааралтай юм.

Тухайлбал, “Компанийн тухай хууль”-ийн 46, 47 дугаар зүйлд ногдол ашиг хуваарилах нөхцөл, журмыг тодорхой тусгажээ. Уг хуулийн 47.1-д, компани ногдол ашиг хуваарилсны дараа төлбөрийн чадвартай байх, өөрийн хөрөнгийн хэмжээ хуульд заасан доод хэмжээнээс их байх зэрэг шалгуурыг хангасан тохиолдолд энгийн хувьцаанд ногдол ашиг олгоно гэжээ. Өөрөөр хэлбэл, эрх бүхий байгууллагаас ногдол ашиг хуваарилах шийдвэр гарч, хуульд заасан нөхцөл хангагдсан бол уг мөнгөн хөрөнгө нь хувьцаа эзэмшигчийн хууль ёсны өмч болж хувирдаг. Иймд ногдол ашгийг иргэдэд олголгүйгээр өөр төсөлд нэгтгэн зарцуулах нь өмчийн эрхийг хязгаарласан, компанийн хөрөнгийг зориулалтын бусаар захиран зарцуулсан үйлдэл болох эрсдэлтэй юм. Мөн тус хуулийн 46.7-д ногдол ашгийг мөнгөн болон бусад хэлбэрээр олгож болно гэж заажээ. Тухайлбал,  компанийн дүрэмд өөрөөр тусгаагүй бол бэлэн мөнгө, эд хөрөнгө, үнэт цаасны хэлбэрээр олгох боломжтой аж.

Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 81.5 хувь нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн буюу төрийн өмч юм. Үлдсэн 18.5 хувь нь Монгол улсын 1072 хувьцаа эзэмшдэг 3.5 сая иргэний өмч. Энэ мөнгө бол ямар нэгэн нийгмийн халамж биш харин төрийн зүгээс байгалийн баялгийн өгөөжийг иргэн бүрт тэгш хуваарилах зорилгын хүрээнд иргэддээ өмчлүүлсэн хөрөнгө юм. “АПУ”, “Хаан банк” зэрэг хувьцаат компаниуд ногдол ашиг тараадаг шиг үйл явц. “АПУ”-г ногдол ашиг тараахад энэ мөнгөөрөө зам барь гэдэггүйтэй л адил үйл явц юм.

Харин төрийн эзэмшлийн ногдол ашиг нь хуульд заасан хүрээнд Хуримтлалын санд төвлөрөх, эсвэл төсөв болон бодлогын дагуу тодорхой зорилтот чиглэлд зарцуулагдах зохицуулалттай юм.  Монгол Улсын төрөөс өөрийн эзэмшлийн ногдол ашгаа Хуримтлалын санд төвлөрүүлж,

  • Иргэн бүрийн нэр дээр бүртгэлтэй хуримтлал хэлбэрээр хадгалагдана
  • Шууд төсвийн урсгал зардалд зарцуулагдах ёсгүй
  • Сангийн хөрөнгийг санхүүгийн хэрэгсэлд байршуулж өсгөх боломжтой
  • Иргэн тодорхой нөхцөл (орон сууц, боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр гэх мэт) хангах үед ашиглах шийдвэр гаргасан билээ.

Ингэхдээ 2024 онд 495.6 тэрбум төгрөгийн ногдол ашгийг Хуримтлалын санд төвлөрүүлж, иргэдийн нэр дээрх хадгаламжийн дансанд бүртгэсэн бол 2025 онд 507.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөөд байгаа юм.