Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх долоо хоногт буюу аравдугаар сарын 20-26-нд бие даалтын долоо хоногтой. Энэ хугацаанд сурагчид танхимаар хичээллэхгүй бөгөөд музей, үзвэр, спорт, урлагийн зэрэг чөлөөт арга хэмжээнд оролцох юм. Харин өвлийн амралт бага ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн зургаан долоо хоногт амраад, нэгдүгээр сарын 26-ны Даваа гарагт хичээл эхэлнэ. Ид хүйтний үеэр хүүхдүүдийг ийнхүү амрааснаар ханиад томуугийн дэгдэлтийг бууруулах ач холбогдолтой гэж Боловсролын Яам үзсэн байна.
Харин дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн таван долоо хоног амарч, нэгдүгээр сарын 26-наас шинэ улирлын хичээлдээ орцгооно. Ахлах ангийнхан арванхоёрдугаар сарын 22-ноос амарна. Гэхдээ амралтын эхний долоо хоногт цахимаар хичээллэх аж.