Өчигдөр /2025.10.09/ Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт дуудлагаар явж буй галын хоёр машинд суудлын хоёр автомашин зам тавьж өгөхгүй байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан. Энэ нь ч олон нийтийн бухимдлыг төрүүлж, багагүй шүүмжлэл хүртсэн. Тэгвэл тус зөрчлийг ТЦА алба хаагч нар бүртгэж, арга хэмжээ авахаар ажиллаж байгаа тухай мэдээллээ.
Угтаа бол Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд түргэн тусламж, галын машин зэрэг тусгай дуут гэрлэн дохиотой машинд зам тавьж өгөх ёстойг тусгаж өгсөн байдаг. Тус зөрчилд 20 нэгжээр торгохоос эхлээд тухайн нөхцөл байдлаас шалтгаалж эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авдаг байна. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 4.4. Тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан (шар өнгийн дохио ажиллуулж яваагаас бусад) автомашин, мотоцикл болон тэдгээрээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа үед бусад тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгөн, чөлөөтэй зорчих боломжийг хангана гэж заасан байдаг.
ВИДЕО: