Н.Туяа: Сонгуулийн саналын хуудсыг мандатын тоогоор бөглөх нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дүгнэж байхад УИХ хүлээж авахгүй байгаа нь МАН эрх ашгаа илүүд үзэж байгаа хэрэг

Н.Туяа: Сонгуулийн саналын хуудсыг мандатын тоогоор бөглөх нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дүгнэж байхад УИХ хүлээж авахгүй байгаа нь МАН эрх ашгаа илүүд үзэж байгаа хэрэг

Сонгуулийн тухай хуулийн 72.1 дэх заалт буюу сонгогч мандатын тоогоор санал өгнө гэсэн заалт нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн Цэцийн 4-р дүгнэлтийг өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд УИХ хүлээж авахгүй гэж шийдвэрлэсэн. Гэтэл Үндсэн хууль зөрчсөн Сонгуулийн тухай хуулийн 72.1 гэсэн заалт болон дээрх асуудлыг УИХ хэлэлцсэн байдал нь Үндсэн хууль зөрчсөн байна хэмээн иргэн Н.Туяа Цэцэд гомдол гаргаад байгаа. Тэгвэл энэ асуудлын талаар бид иргэн Н.Туяатай ярилцлаа.

ВИДЕО:

-СОНГУУЛИЙН МАНДАТЫН ТООТОЙ ТЭНЦҮҮ САНАЛ ӨГӨХИЙГ ИРГЭДЭЭС ШААРДАХАД ИРГЭДИЙН СОНГОХЫГ ХҮСЭЭГҮЙ ГИШҮҮД ПАРЛАМЕНТАД ОРЖ ИРНЭ ГЭСЭН ҮГ-

-Сонгуулийн саналын хуудсыг мандатын тоогоор бүрэн бөглөх нь Үндсэн хуулийн ямар заалтыг зөрчиж байгаа талаар эхлээд та манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

-2019 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулийн 72.1 дээр сонгогч мандатын тооноос дутуу дугуйлбал саналын хуудас хүчингүй гэсэн заалт нэмсэн. Улмаар би 2024 оны зургаадугаар сард буюу сонгуулийн өмнө Үндсэн хуулийн 21.1 буюу Монгол Улсын иргэн УИХ-ын гишүүнийг чөлөөтэй сонгоно гэсэн заалтыг зөрчсөн байна гэж Цэцэд гомдол гаргасан юм. Улмаар 2025 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Цэцийн дунд суудлын хуралдаанаар энэ заалт Үндсэн хуулийн 21.1 дүгээр заалт буюу чөлөөтэй сонгоно гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гарсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Монгол Улсын иргэн өөрт таалагдсан, сонгохыг хүссэн нэр дэвшигчийг л сонгох эрхтэй. Түүнээс биш таалагдаагүй хүнийг сонгохыг шаардах эрх байхгүй. Тэгэхээр мандатын тоотой тэнцүү дугуйлахгүй бол хүчингүй гэдэг нь манай тойрогт гурван нэр дэвшигч байлаа гэхэд нэгийг нь би сонгомоор байгаа ч нөгөө хоёр нь таалагдахгүй бол таалагдсан нэг хүнийхээ саналыг хүчинтэй болгохын тулд заавал сонгомооргүй хоёр гишүүнээ сонгоход хүрч байгаа юм. Энэ нь Үндсэн хуулийн “иргэн чөлөөтэй сонгох ёстой” гэсэн заалтыг зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзэж, Дунд суудлын хуралдааны дүгнэлт гарсан байгаа.

-Энэхүү Цэцийн 4-р дүгнэлтийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн. Гэтэл хэлэлцсэн байдал нь бас хууль зөрчсөн гэж таны хувьд үзээд байгаа. Тийм үү?

-Цэцийн дүгнэлт өнгөрсөн гуравдугаар сард гарсан. Бодвол долоо хоногийн дотор ч юм уу их хуралд хүргүүлсэн байх. Үндсэн хуулийн цэцээр асуудал шийдвэрлүүлэх тухай хууль дээр 15 хоногийн дотор УИХ эргэн хариу өгнө гэж заасан байдаг. Гэтэл дөрөвдүгээр сарын 6, 7-нд Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаад шийдвэрээ гаргасан байхад чуулганаар тавдугаар сард нэг хэлэлцүүлээд орхичихсон. Би өргөдөл өгсөн хүний хувьд түүнээс хойш хараад байхад хаврын чуулган завсарлаад, зуны амралт дуусаад намрын чуулган эхэлтэл буюу зургаан сар Цэцийн шийдвэрт хариу өгөөгүй. Хуулин дээр 15 хоногийн дотор Цэцийн шийдвэрт хэлэлцэж хариу өгнө гэсэн заалт байхад хариу өгөөгүй нь УИХ-ын дарга болон УИХ Үндсэн хууль зөрчсөн гэсэн үг. Тийм учраас би 2025 оны есдүгээр сарын 17-нд УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн гэсэн гомдлоо Үндсэн хуульд гаргасан.

-Энэ асуудалд Цэц анхаарах ёстой байсан уу. Бүхэл бүтэн зургаан сар хэлэлцүүлээгүй хаясан байхад хэн анхаарал хандуулах ёстой байсан бэ?

-Хуулийн цоорхой байна л даа. Үндсэн хууль хянан шийдвэрлэх тухай хуульд УИХ 15 хоногийн дтор хариу өгнө гэж заасан байхад энэ хугацаанд багтаж хариу өгөөгүй бол яах вэ гэдэг асуудлыг огт хуульчлаагүй. Энэ хуулийн цоорхойг ашиглаад өөрсдөдөө ашигтай хуулийг хэлэлцээд, ашиггүй хуулийн заалтыг хаячих нөхцөл үүсэж байна. Тэгэхээр энэ хуулийг бас өөрчлөх ёстой. Эсвэл 15 хоногийн дотор хэлэлцэж хариу өгөөгүй бол зөвшөөрсөнд тооцно гэдэг ч юм уу хууль эрх зүйг боловсронгуй болгох шаардлага байна.

-ЦЭЦИЙН ДҮГНЭЛТЭД 15 ХОНОГИЙН ДОТОР ХАРИУ ӨГӨӨГҮЙ, НАМРЫН ЧУУЛГАНЫ ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛД ОГТ ОРУУЛААГҮЙ БАЙЖ БАЙГААД НЭГ ӨДӨР ГЭНЭТ ОРУУЛААД ТАТГАЛЗСАН ШИЙДВЭР ГАРГАСАН НЬ УИХ-ЫН ДАРГА ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭСЭН ҮГ-

-Мөн энэ асуудал намрын чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлууд дунд ороогүй байсан. Гэнэт оруулж ирээд хэлэлцэхээр УИХ-ын гишүүд асуудлаа сайн ойлгоогүй ч юм уу байх боломжтой байсан байх. Тийм үү?

-Тийм. Би анх энэ гомдлыг тавьсан хүний хувьд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх бол гээд л хараад байгаа шүү дээ. Гэтэл намрын чуулганы хуралдаанд хэлэлцэх асуудлуудын дунд энэ асуудал огт байгаагүй. Иймд намрын чуулганаар хэлэлцүүлэхгүй юм байна гэж бодоод Үндсэн хууль зөрчигдөж байна гэж үзээд Цэцэд өгөнгүүт хоёр, гуравхан хоногийн дараа чуулганаар оруулж ирээд хэлэлцүүлсэн. Бас намрын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын жагсаалтад ороогүй байж байгаад гэнэт нэг өглөө хэлэлцүүлэх гээд ороод ирэнгүүт гишүүд бас мэдээлэлгүй байсан юм шиг байгаа юм. Тэгээд ирц маш муу. Энэ асуудал маань Их хурал дээр уначихсан л даа. Гэхдээ одоо Үндсэн хуулийн их суудлын хуралдаанаар хэлэлцэнэ. Яагаад гэхээр УИХ ямар ч шийдвэр гаргасан байсан эцэслэх эрх нь Үндсэн хуулийн цэцэд байгаа. Тэгэхээр Их суудлын хуралдаанаараа энэ шийдвэрийг баталгаажуулах байх гэж иргэний хувьд итгэж байгаа.

-ЭНЭ ЗААЛТ ЭРХ БАРИГЧ НАМД АШИГТАЙ УЧРААС ҮЛДЭЭСЭН БАЙХ-

-Энэ хуулийн заалт энэ хэвээрээ үлдээд, дараа дараагийн сонгуульд орвол ямар үр дагавартай, хэнд ашигтай гэж таны хувьд харж байгаа вэ?

-Энэ бол маш ноцтой заалт. Нэгдүгээрт иргэний чөлөөтэй сонгох эрх зөрчигдөж байна. Сонголтоо баталгаажуулахын тулд сонгохыг хүсээгүй хүмүүсээ сонгож байна. Хоёрдугаарт, хүсээгүй сонголт хийлгэнэ гэдэг нь парламентын чанар муудна гэсэн үг. Гуя дагаж хүзүү гэж бид ярьдаг шүү дээ. Энэ нь эрх барьж байгаа намд ч юм уу ямар нэгэн хүмүүст ашигтай учраас иргэний эрхийг намынхаа эрх ашгаас, их хурлын гишүүн болох амбицынхаа доогуур тавьж байгаа байхгүй юу. Би иргэний хувьд иргэний эрх зөрчигдөж байна гэдэг зүйлийг л ярьсан. Үүнийг нь цэц хүлээн аваад үнэхээр иргэний эрх зөрчигдөж байна гэж үзсэн. Энэ сонголтын үр дагавар нь чанаргүй парламент бий болох, хүсээгүй хүмүүс УИХ-д орж ирэх цоорхой үүсэж байгаа юм. Өнөөдөр олон намын төлөөлөл их хуралд орж ирсэн байгаа ч чанаргүй парламент үүссэн. Хамгийн гол нь иргэний сонгох эрхийг зөрчиж болохгүй. Үндсэн хууль дээр ард түмэн төрийг өөрийн хүсэл зоригоороо байгуулна гэж байгаа шүү дээ. Гэтэл хүсээгүй хүмүүсээ сонгохыг шаардаад байгуулчхаар ард түмний хүсэл зоригоор байгуулагдсан төр биш болно.




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө