"Халзан бүрэгтэй"-н сонсголын үеэр "Нэр бүхий улстөрчдийг буудаж ална, нүдэнд нь тугалга цутгана. Энэ нь миний эрх" гэхчлэнгээр заналхийлж, гутаан доромжилсон М.Саранцэцэг гэх эмэгтэйг хуулийн байгууллагаас шалгаж эхлээд байгаа билээ.
Тэгвэл уг хэрэг явдалтай төстэй буюу өөрийн цахим сүлжээгээрээ нэр бүхий улстөрч, иргэнийг заналхийлсэн хэргээр Тагнуулын байгууллагад шалгагдаж байсан Улсын харцага Г.Ганхуягт холбогдох хэргийг "Гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр хаасан гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, Улсын харцага Г.Ганхуягийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12 /2025.04.12/-ны өдөр "Бусдыг заналхийлсэн" гэх хэрэгт буруутгаж, Тагнуулын байгууллагаас хойшлуулашгүйгээр цагдан хорьсон байдаг. Улмаар түүнийг нэг сар гаруй хугацаатайгаар цагдан хорьж байгаад таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан юм.
Тэгвэл Улсын харцага Г.Ганхуягийн заналхийлсэн "Хохирогч" гэгдэж байсан УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Учрал, иргэн Н.Тэгшбаяр нар нь Г.Ганхуягт "Гомдолгүй" хэмээн хуулийн байгууллагад мэдүүлсэн байна.
Нөгөөтээгүүр мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Ганхуягт холбогдох хэрэг нь гэмт хэргийн шинжгүй байсан хэмээн үзэж, түүнд холбогдох хэргийг хаасан байна. Улсын харцага Г.Ганхуягийг Эрүүгийн хуулийн 19.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу "Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах", мөн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болох "Заналхийлэх" гэсэн зүйл ангиар яллагдагчаар татагдан мөрдөн шалгаж байсан юм.
Эргэн сануулахад, Г.Ганхуяг нь өөрийн цахим хуудаснаа буутай зургаа нийтэлж, "Үхэлтэй нүүр тулаад олны хандиваар арай гэж амьд үлдсэн хүмүүс сүнсээ худалдчихаад ирсэн байдгийг н.Учрал, н.Тэгшбаяр хоёрын жишээн дээр нүдээрээ харлаа. Хэнд ч хэрэггүй нууц төлөвлөгөө боловсруулж байгаад эх орноо зарсан, эх орноосоо урвасан, уран сурталчилсан, ураны хуулийг батлалцсан хэдэн мөнгөний боолуудыг амжиж хороочихоод бахархалтайгаар инээж үхнэ. Хэн үхэх ялтай вэ" гэх пост оруулсан байдаг.