С.Баярбилэг: Хүүгийн цогцсыг мод, тал хосолсон газраас олсон тухай мэдээлэл өнөөдөр 16 цагт ирсэн

С.Баярбилэг: Хүүгийн цогцсыг мод, тал хосолсон газраас олсон тухай мэдээлэл өнөөдөр 16 цагт ирсэн

Хөвсгөл аймгийн Тариалан сумын тавдугаар баг, “Сайхан мод” гэх газраас энэ сарын 17-ны өдөр сураггүй алга болсон хоёр настай хүүхдийн цогцсыг өнөөдөр /2025.09.25/ олж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн мэдээлсэн билээ. Тэгвэл уг асуудлын талаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг  "Хоёр настай хүүхэд алга болсон дуудлага анх энэ сарын 17-нд бүртгэгдсэн. Хүүгийн цогцсыг өнөөдөр /2025.09.25/ 16 цагийн орчимд анх алга болсон газраас 3-4 км зайтай газраас олдлоо. Хүүгийн цогцсыг мод, тал хосолсон газраас олсон. Өнөөдрийг хүртэл холбогдох хууль журмын дагуу бид авах ёстой арга хэмжээгээ авсаар ирсэн. Цогцос олдсон газар хамгаалалт авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Яг одоо ч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Иймд ямар байдалтай нас барсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Шинжээчийн дүгнэлт гарахаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой. Хүүгийн олдсон газрыг өмнө нь самнасан эсэх талаар мэдээлэлгүй байна. Гадна ил гэмтэлтэй байсан зэрэг мэдээлэл цахим орчинд мэдээлэл гарч байна. Худал мэдээлэл түгээхгүй байхыг хүсье. Хүүхэд олдлоо, хүн авч явсан зэрэг хуурамч мэдээлэл өнгөрсөн хугацаанд багагүй гарсан. Тухай бүрд тайлбар мэдээлэл өгсөөр ирсэн. Шинжээчийн дүгнэлт болон мөрдөн шалгах ажиллагаа хэд хоног үргэлжлэх нь харилцан адилгүй байдаг учир хэд хоног үргэлжлэхийг мэдэхгүй байна. Мөн цогцсыг хаана хүргэж задлан шинжлэх нь тодорхойгүй байна” гэлээ.