АНУ-ын Мянганы сорилтын корпорац гэр хорооллын 180 ус түгээх байрыг бүрэн автоматжуулж өгчээ

АНУ-ын Мянганы сорилтын корпорац гэр хорооллын 180 ус түгээх байрыг бүрэн автоматжуулж өгчээ

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын "Компакт" гэрээний буюу Усны Компактын гурван гол төслийн нэг Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд гэр хорооллын шугамд холбогдсон 180 ус түгээх байрыг бүрэн автоматжуулж, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газарт албан ёсоор хүлээлгэн өгсөн байна. 

Гэр хорооллын ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлж, УСУГ-ын үйл ажиллагааны зардлыг бууруулах зорилготойгоор 2023 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжсэн уг төслийн хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн 61 хороонд байрлах 180 ус түгээх байрны цахилгаан, узель, тоног төхөөрөмж, өнгөлгөө засал, аюулгүй ажиллагааны системийг иж бүрнээр шинэчилж, ухаалаг төхөөрөмжөөр тоноглон автоматжуулаад буй. Өмнө нь автоматжуулсан 151 ус түгээх байрыг нэгтгэн, нийт 331 ус түгээх байрны үйл ажиллагааг хянах нэгдсэн хяналт, удирдлагын системийг амжилттай нэвтрүүлсэн юм.

Төслийн үр дүнд нийслэлийн гэр хорооллын олон мянган иргэн ус түгээх байраар цагийн хязгаарлалтгүйгээр үйлчлүүлэх боломжтой болохын зэрэгцээ ухаалаг төхөөрөмжөөр дамжуулан усны картаар, болон төлбөрийн олон төрлийн цахим хэрэгсэл ашиглан усаа авах, цаашлаад усны хэрэглээгээ хянах нөхцөл бүрдлээ. Шинэчлэгдсэн 180 ус түгээх байрны 21 ачилтын ус түгээх байр бөгөөд ачилтын ус түгээх байруудыг автоматжуулснаар УСУГ-ын зөөврийн 370 гаруй ус түгээх байрыг усаар хангадаг 60 орчим усны машин болон Онцгой байдлын ерөнхий газрын Гал унтраах, аврах ангийн машинууд усаа ямар ч цагт саадгүй авах боломжтой болсон нь чухал ач холбогдолтой юм.